Шинзо Абэгийн Б төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Шинзо Абэгийн Б төлөвлөгөө

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг өнөөдөр өглөө гарсан.

-Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар зарлалаа-

Шинзо Абэ ээлжит сонгууль явагдахаас бараг жилийн өмнө парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар зарлав. Японы ерөнхий сайд энэ шийдвэрээ Хойд Солонгосын заналхийлэл, сүрдүүлгийн улмаас дотоодод үүсээд буй хямралыг гэтэлгэх зорилготой шийдвэр гэж тайлбарлажээ.

Абэ ээлжит бус сонгуулийн товын талаар тодорхой зүйл хэлээгүй ч Японы хэвлэлүүд аравдугаар сарын 22-нд сонгууль явуулах тухай таамаг мэдээллийг нийтэлж байна. Харин есдүгээр сарын 28-нд парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимыг тараана гэдгийг Абэ хэлсэн байна.

Ерөнхий сайд өчигдөр орой /2017.09.25/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мөн ирээдүйн сорилтод Япон орныг бэлтгэх шинэ соргог, өдөөгч хүчин зүйл хэрэгтэй болсныг онцолжээ.

ЯАГААД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ГЭЖ?

Найздаа туслахын тулд нэр нөлөөгөө ашигласан гэх мэдээлэл цацагдсан нь сүүлдээ даамжирч, Абэгийн нэр хүнд, чансаа дотооддоо огцом унасан юм. Энэ асуудлаар тэр парламентдаа ч “байцаагдсан”. Нэр хүнд нь хормын төдийд навс унаж, япончууд түүний удирдах чадварт нь эргэлзэх болов. Өнгөрсөн зун явуулсан санал асуулгаар дэмжигчдийнх нь тоо 30 хувь болтлоо буурсан юм. 

Сүүлийн үед Хойд Солонгосын заналхийлэл эрчимжиж, нэг сарын дотор хоёр ч удаа Японы дээгүүр пуужин харвасан. Газартай тэгшилж, усанд живүүлнэ гэсэн Ким Чен Уны эрээ цээргүй дайралт, сүрдүүлэг харин Абэгийн нэр хүндийг өсгөх нэгэн гишгүүр болсон гэж болно. Асуудалд хэт үндсэрхэг, хатуу байр сууринаас хандаж буйгаараа Абэ шалдаа буусан нэр хүндээ сэргээж чадсан юм. Долдугаар сард 30 хувьд ч хүрэхгүй байсан түүний чансаа энэ сард 50 хувь болж сэргэжээ.

Ийм үед Абэ бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө дахин сонгууль явуулахаар шийдсэн нь дэмжигчдийнх нь итгэл сэргэж буй энэ үүлэн чөлөөг ашиглаад нэр хүнд, байр сууриа улам бүр баталгаажуулж авах гэсэн оролдлого гэж шинжээчид дүгнэж байна. 

ТҮҮНТЭЙ ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?

Ноён Абэ Хойд Солонгосын асуудлаар хатуу байр суурь баримталснаараа дэмжлэгээ эргүүлэн олж авсан бол түүний удирддаг, эрх баригч Чөлөөт Ардчилсан нам ч мөн дотооддоо, ард иргэдийн амьдрал, нийгмийн асуудлыг онцлон, бодлого, шийдвэр нь энэ зүгт чиглэж байна.

Харин Абэгийн гол өрсөлдөгч Ардчилсан нам дотооддоо асуудалтай байгаа. Хоёрхон сарын өмнө намын дарга нь дуулиан шуугиантайгаар огцорч, чансаа нь ганцхан оронтой тоонд хүртлээ унажээ. 

Гэхдээ түүнд шинэ өрсөлдөгч гарч ирсэн нь Чөлөөт Ардчилсан намын гишүүн асан, Токио хотын захирагч Юрико Коикэ. Тэрбээр шинэ нам байгуулж буйгаа Абэгийн мэдэгдлээс өмнөхөн зарласан юм.

Сүүлд явуулсан санал асуулгаас харахад ирэх аравдугаар сард болох ээлжит бус сонгуулиар Шинзо Абэ ерөнхий сайдын албаа хадгалж чадна. Харин Чөлөөт Ардчилсан намын шинэ, залуу Комэйто намтай байгуулсан эвсэл олонхийн суудлаа алдаж болзошгүй байгаа юм. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн Абэгийн төлөвлөгөө талаар болно.

Хэрэв Абэ ээлжит бус сонгуульд ялалт байгуулбал Дэлхийн II дайнаас хойших Японы түүхэнд хамгийн олон жил ерөнхий сайдын алба хашсан хүн болох юм.

Хүчирхэг улстөрч гэр бүлээс залгамж халаатай Абэ 2006 онд Жуничиро Коизүмигаас халааг нь авч, 52 насандаа анх Японы хамгийн залуу ерөнхий сайдаар томилогдож байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж