МАН-ын Бага хурал өнөөдөр /2017.09.25/ болж байна. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэнэ. Үүнд МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, МАН хяналтын ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, 2017 оны арваннэгдүгээр сарын 20,21 болох МАН 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хэлэлцэнэ, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах зэрэг асуудал багтсан юм.
Хуралдаан 13.00 цагийн үед эхэлсэн бөгөөд хоёр цаг үргэлжлээд түр завсарлав. Эргээд 15.30 цагийн үед МАН-ын бага хурал үргэлжилнэ.
Хуралдаан завсарлангуут МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Удирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байна. Үүнд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар юм. Удирдах зөвлөл Ерөнхий сайдыг дэвшүүлэхдээ нэг хүн дээр тогтохыг хүссэнгүй, намын Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломж олголоо. Дээр нь намынхаа эв нэгдлийг батжуулахын төлөө гурван нэр дэвшигч оруулж, санал хураалгахаар болсон. МАН-ын Бага хурлаас олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барина. Ялагч бол намынхаа эв нэгдлийг хамгаалсан, намынхаа санаа бодлыг тусгасан, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлийг даван туулах алхам хийх ёстой талаар Удирдах зөвлөлийн гишүүд ярьсан” гэв.
Дээрх гурван нэг дэвшигч дээр нэмэгдэж заалнаас хүн дэвшүүлж болох юм байна. Харин одоогоор заалнаас нэр дэвших хүсэлт гаргасан хүн байхгүй гэдгийг Д.Амарбаясгалан хэлсэн юм.