Том банк байгуулах шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Том банк байгуулах шаардлагатай гэв

Монголын хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээж буй “Bloomberg TV Mongolia” телевиз өнөөдөр нээлтээ хийж, анхны эфирээ цацлаа.

Монголбанк 2018 онд төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.09.25/ “Blue sky”-д зохион байгууллаа.

Төв банк ирэх онд баримтлах Мөнгөний бодлогодоо инфляцийг 8 хувьд тогтворжуулах, төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг хөгжүүлж, эрх зүйн орчныг төлөвшүүлэх.

Хадгаламжийн даатгалын сангийн хүрээнд хөрвөх чадварыг сайжруулах, сангийн хөрөнгийг зохих төвшинд нэмэгдүүлэх.  Чанаргүй зээлийг шийдэх зэрэг асуудлыг багтаажээ.  

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очирын “Эдийн засгийн эмзэг байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр тавьсан илтгэлд дурдсанаар бол ирэх онд Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээс ихээхэн шалтгаалах төлөвтэй байна.

Учир нь Монголын экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 25 хувь уул уурхайн салбараас бүрддэг хэвээр байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг энэ оны төвшинд авч үзвэл одоогоор 650 сая ам.доллар орж ирсэн ч 500 сая ам.долларыг зөвхөн Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтаас бүрджээ.  

Нөгөөтэйгүүр, төсвийн алдагдал их, өр, зээлийн дарамт өндөр хэвээр байгаа нөхцөлд Монгол Улс томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулах, Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрөө үргэлжлүүлж, хямд эх үүсвэр татах. Засаглалын институцыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь  эдийн засагт эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Д.Дуламсүрэн “Төв банк хуулиа хэрэгжүүлж ажиллах. Активын удирдлагыг амжилттай хийгээд, том төслүүдээ санхүүжүүлж чадах том банк байгуулах. Том банк байгуулж чадахгүй бол өртэй эдийн засаг гэдэг ухагдахуун арилахгүй. Эмзэг байдал арилахгүй.

Том банк байгуулснаар хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулна.

Эдийн засгийг төрөлжүүлэх, үнэ хямд гадаадын хөрөнгө оруулалт татаж чадах юм бол эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгсэл бий болно” гэж зөвлөлөө.  

Эдийн засагч Б.Жаргалсайхан “Инфляцийг төв банк 8 хувьд барина гэлээ.  Инфляцийг бий болгож байгаа төрийн үрэлгэн зардлыг зогсоох. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг зогсоох шаардлагатай. Тэр цагт инфляцийг зорилтот төвшиндөө хүргэж чадна.

Хоёрт, банкуудыг сайн хянах. Олон улсын валютын сан арилжааны банкуудад хяналт тавьж байгаа нь маш чухал. БНСУ Монгол шиг 20-иод банктай байсан, 4-5 банктай үлдсэн.

Өнөөдөр олон хүн хүлээлтэд байгаа. Монгол Улсын хамгийн том банк нь таван хүний нэр дээр хуурамч гэрээ хийгээд 500 сая ам.доллар гадаад руу шилжүүлчихсэн тухай УИХ-ын материал бий. Шалгалт хийгээд дүн нь гарсан. Хэн ч дуугарахаа больсон.

Банкны эзэд, улстөрчдийг дэмждэгийг яагаад та бүхэн зогсоодоггүй юм бэ. Банкууд тэр дундаа жижгүүд нь хүүгээр өрсөлдөж байгааг зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой.

Мөн банкуудын муу активыг цэвэрлэж, үндсэн хөрөнгийг хямдруулж аваад жишээ нь БНСУ төрийн банк байгуулаад,  дахиж зарсан. Тэр үеэр гадаадын банк оруулсан. Монгол Улс гадаадын банк оруулж ирэх ёстой.

Гуравт, иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх” шаардлагатай гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж