Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын сүүлчийн тойрог баасан, бямба гаригуудад явагдана.
Хангарьд – Улаанбаатар сити Баасан гаригийн 15:00 цагаас Эрдэнэт хотод явагдах “Хангарьд”, “Улаанбаатар сити” багуудын тоглолтод “Улаанбаатар сити” хожих юм бол энэ жилийн “Хүрхрээ үндэсний лиг”-ийн мөнгөн медалийн болзол хангана. Улирлын эхний тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болоход “Хангарьд” 1:2-оор хожиж байсан нь энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байгаа юм. Тус тоглолтыг та бүхэн mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Сэлэнгэпресс – Атлетик 220 Эрдэнэт хотын өндөр ач холбогдолтой тоглолтын дараа мөнгөн медаль хүртэх боломжтой “Атлетик 220”, дээд лигт үлдэх эрхтэй болсон “Сэлэнгэпресс”-тэй тоглоно.
Гол өрсөлдөгч “Улаанбаатар сити” Эрдэнэт хотод оноо алдах юм бол үндэсний лигт анх удаа өрсөлдөж буй “Атлетик 220”-ийн залуус мөнгөн медалийг энгэртээ гялалзуулна. Гэхдээ тэдний эсрэг “Сэлэнгэпресс” тоглох учраас энэ тийм ч хялбар байхгүй. Уг сонирхолтой тоглолтыг та бүхэн баасан гаригийн 19:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж сонирхохоос гадна mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзээрэй. Эф Си Улаанбаатар – Гоёо Эф Си “Хүрхрээ үндэсний лиг” хаалтаа хийх бямба гаригт гурван тоглолт явагдах хуваарьтай байна. Өглөөний 10:00 цагаас “Хүрхрээ үндэсний лиг”-ээс унахгүйн төлөө тоглож буй “Эф Си Улаанбаатар”, өнгөрсөн жилийн “Хүрхрээ нэгдүгээр ллиг”-ийн аварга “Гоёо Эф Си”-тэй тулна. Нийслэлийн нэрийг эзэмшигчид өөрсдөө заавал хожихоос гадна “Хоромхон”-ы бүдрэлтийг хүлээх ёстой байгаа. “Унаганууд” – “Дэрэн” Футзалын “Пепси дээд лиг”-ийн сүүлийн тойрогт учраа таарч байсан “Унаганууд”, “Дэрэн” клубүүд “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хаалтын тойрогт мөн таараад байна. Хэдийгээр “Унаганууд” унах нь тодорхой болсон ч дээд лигийг хожлоор өндөрлүүлэхийг хүсэх нь дамжиггүй. Харин “Дэрэн”-ийн дээр бичигдэж буй “Хангарьд” баасан гаригт “Улаанбаатар сити”-д хожигдох юм бол Серби дасгалжуулагч Воеислав Бралушичаар удирдуулсан залуус улирлыг дөрөвдүгээр байрт өндөрлүүлэх боломжтой болно. “Хоромхон” – “Эрчим” Өнгөрсөн жил “Хүрхрээ үндэсний лиг”-ийн сүүлчийн тойрогт хүрэл медалийн төлөө тоглож байсан бол энэ улиралд унахгүйн тулд аваргын болзол хангасан “Эрчим”-ийг хожих шаардлагатай боллоо. Хоёр баг 2014 онд үндэсний лигийн аваргын төлөө тоглоход “Хоромхон” 1:0-ээр хожиж, түрүүлж байсан түүхтэй. Харин энэ жил багууд хоёр удаа таарч тоглоход, “Эрчим” “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эхний тойрогт 9:0, “Холбооны цом”-ын хоёрдугаар шатанд 5:0-ээр хожсон. Хэн хэнийгээ хожиж мэдэх ривалиудын тоглолт “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын сүүлчийн тоглолт байх болно. Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хаалтын үйл ажиллагаа бямба гаригийн 18:00 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: МХБХ