Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн нэрэмжит Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 11 дэх удаагийн барилдаан өнгөрсөн бямба гаригт /2017.09.23/ боллоо.
Заануудын нэрэмжит барилдааныг 20 жилийн өмнө буюу 1997 онд анх Эрдэнэт хотод зохион байгуулсан түүхтэй.
Энэ жилийн хүндэтгэлийн барилдаанд 16 заан цолтойн оролцжээ. Тэднээс хамгийн ахмад нь ‘том’ хэмээх Ц.Санжаа заан байсан бол хамгийн залуу нь энэ жилийн улсын баяр наадамд долоо давж, заан цолтнуудын эгнээг нэмсэн Нэгдэлийн Жаргалбаяр байв.
Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, улсын шинэ начин Б.Серик, Ж.Дагва-Очир нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлэв. Үзүүрт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх үлдэж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, улсын заан Б.Соронзонболд нар шөвгөрчээ.
Мөн энэ өдөр Монгол Улсад телевизийн салбар үүсч, Монголын үндэсний телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд болж, улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч түрүүлэн, Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, улсын начин Б.Батжаргал нар шалгарсан байна.
Б.ЭНХ