Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар өнөөдөр /2017.09.25/ Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ зун нийт 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу зуссан гэсэн Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлт гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гол ажлуудын нэг бол өвс тэжээлийн бэлтгэл байдаг. Энэ жил малчдын хувьд 1.2 сая тонн өвс тэжээл бэлтгэх албан даалгавар аваад байгаа ажээ.
Өнгөрсөн жил хамгийн их буюу 1.2 сая тонн өвс тэжээлийг бэлтгэж байсан гэдгийг албаныхан хэллээ. Одоогоор малын тоо толгойн эцсийн дүн гараагүй ч ойролцоогоор 66 сая малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Нийт хадлангийн талбайгаас тооцоолж үзэхэд 850 мянга орчим өвс тэжээл бэлтгэхээр байна гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Үүний цаана 400 мянган тонн өвс тэжээл дутагдаж байгаа тул Засгийн газраас өнгөрөгч долдугаар сард хивэг, өвс тэжээлийг экспортлохыг түр хязгаарлах арга хэмжээг авчээ.
Нутгийн 75 хувьд сум орон нутагтаа мал сүргээ онд оруулах, бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зохицуулах шаардлагатай байгаа гэнэ.
Энэ талаар “Нэгдүгээрт, импортоор дотоодын хэрэгцээнд шаардлагатай байгаа өвс тэжээлийг оруулж, цэгүүдэд хүргүүлэх. Хоёрдугаарт, өвс тэжээлийн борлуулалтын хувьд малчдад хөнгөлөлттэй гэхээсээ илүүтэй мал махаараа солих бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх шаардлагатай байгаа. Тиймээс малчид өвс тэжээлээ мал махаар солих зохицуулалтыг хийхээр зорьж байна. Малчид мал мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд махаа өгч, мөнгөнийхөө оронд падаан бичүүлж, нийлүүлэлт хийж буй газраасаа өвс тэжээлээ авах боломжтой” тухай Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш ярилаа.
Тэрбээр мөн өвс тэжээлийн үнэ ханш тээврийн зардлаас болж, орон нутагт өндөр үнэтэй очиж байгаа. Тийм учраас баруун аймгуудад аль болох ойр хилийн боомтоор дамжуулан өвс тэжээлийг хямдарсан үнээр борлуулах тал дээр анхаарч байна. Энэ жил орон нутагт хадлангийн унац бага байгаа учраас нэг боодол өвсний үнэ 3000 төгрөг, тээврийн зардалтайгаа нийлээд 10 гаруй мянган төгрөг хүрч, малчдын гар дээр очиж байгаа гэдгийг хэлж байв.
Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх нутгаар, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
А.Сүрэн