СЗХ-ны дарга С.Даваасүрэн дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгогдлоо.
Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг буюу The Alliance for Financial Inclusion /AFI/ нь хүн бүрт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, иргэн бүхнийг зах зээлийн оролцогч болгох хүртээмжийн бодлогыг олон улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлдэг албан ёсны гишүүнчлэл бүхий дэлхийн хамгийн том нэгдэл юм. Тус нийгэмлэгээс жил тутам зохион байгуулдаг Дэлхийн бодлогын чуулган энэ сарын 12-15-нд Египетэд хуралдаж, 2017 оны үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн тодорхойлсон бөгөөд энэ үеэр нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. Захирлуудын зөвлөлд сонгохдоо нэр дэвшигчдийн мэдлэг, чадвар, туршлага, бүс нутагтаа нөлөөлөх нөлөөлөл зэрэг олон чухал шалгуурыг харгалздаг байна.
Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.
Шинэ Захирлуудын зөвлөлийг Бразилын Төв банкны дэд ерөнхийлөгч, доктор Исаак Сидей Феррейра даргалж, Бангладешийн төв банкны ерөнхийлөгч, ноён Фазле Кабир дэд даргаар ажиллахаар боллоо. Гишүүдээр, Монгол Улсын СЗХ-ны даргаас гадна ОХУ, Гана, Египет, Самоагийн болон Баруун Африкийн улсуудын төв банкны ерөнхийлөгч нар, Коста Рика Улсын Санхүүгийн хяналтын хорооны ерөнхийлөгч сонгогдов. Мөн “Билл ба Мелинда Гэйтс” сангийн дэд захирал, ноён Жэйсон Ламб, нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алфред Ханниг нар ажиглагч буюу саналын эрхгүй гишүүнээр ажиллана.
СЗХ тус нийгэмлэгт 2010 онд элссэн бөгөөд өнгөрөгч 2016 онд Фижи Улсад болсон Дэлхийн бодлогын чуулганаар С.Даваасүрэн Хорооны төлөөллийг нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт буюу нийт зургаан ажлын хэсэгт оруулж чадсан юм. Улмаар нийгэмлэгийн удирдах дээд бүтэц болох Захирлуудын зөвлөлд гишүүнээр сонгогдсон нь СЗХ-ноос явуулж буй санхүүгийн хүртээмжийн бодлого, үйл ажиллагааг олон улсын хамтын байгууллага, түүний гишүүн улс орнууд ихээхэн өндрөөр үнэлж буйг харуулж байгаа юм.
Эх сурвалж: СЗХ