Монгол ардын намын Бага хурлын гишүүдэд уриалга гаргах нь

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

МАН-ын IX Бага хурал

Монгол ардын намын Бага хурлын гишүүдэд уриалга гаргах нь

Эрт цагт нэгэн хаан мөн нэгэн бярман нар нөхөрлөсөнд тэдний хөвгүүд ч хоорондоо нөхөрлөн дотносчээ.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. МАН-ын жирийн гишүүдийн байгуулсан “Тусгаар тогтнол зуун жил” ТББ-аас МАН-ын удирдлагууд болон УИХ дахь МАН-ын гишүүдэд удахгүй зохион байгуулагдах Намын Их хурлаар хэлэлцэх асуудалд “давхар дээл”-ийн асуудлыг оруулан хэлэлцүүлж, цаашид УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх эсэх, гүйцэтгэх тохиолдолд ямар зарчим баримтлах тухай асуудлаар тодорхой улс төрийн шийдвэр гаргуулах саналыг тавьсан боловч бидэнд дорвитой хариултыг өгсөнгүй.

Өнөөдөр хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний ерөнхий дүр зураг гарах төлөвтэй байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна. Чухам энэ цаг үед “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэх зориг, сэтгэлтэй гишүүд Та бүхний дунд байгаа гэдэгт найдаж байна. Бид “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилох шийдвэрт хүрч, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтаа амь оруулах шаардлагатай байна. Энэ асуудал нь шинээр байгуулагдах Засгийн газрын тогтвортой байдал төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй ч УИХ-ын гишүүнээр сонгогдоод хууль тогтоох эрх мэдэлтэй болдгоос биш бүхий л салбарт ажиллах ур чадвар, эрдэм мэдлэгтэй болдоггүйг санах хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан УИХ дах МАН-ын гишүүдээс хэд нь өөрсдөө “давхар дээл” өмсөх хүсэлдээ хөтлөгдөн кнопоо дарсныг хэлэхэд бэрх юм. Хатуухан хэлэхэд УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүдийн хувьд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж шингэх боломжгүйгээс хойш “урдах ажлаа хийж” өөрсдийн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлээд, харин Засгийн газарт ажиллах бололцоотой намын бусад боловсон хүчний ажил эрхлэх боломжийг хаахгүй байх нь шударга ёсонд нийцнэ байх. Учир нь тогоон дотроосоо халиад байгаа албан тушаал, эрх мэдлийн төлөөх хэрүүл тэмцэл хийж буй өнөөдрийн боломжийг МАН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын хөдөлмөр зүтгэл бий болгосныг дахин сануулъя.

МАН-ын эгэл жирийн гишүүд бид зөвхөн сонгуулийн үеэр хэрэг болдог  “цагийн ажилтан” шиг биш намын дүрэмд заасны дагуу намын үзэл баримтлал, бодлогыг боловсруулж хэлэлцэх үйл ажиллагаанд өөрсдийн үзэл бодол, санал санаачлагаа чөлөөтэй илэрхийлэх замаар идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.

Иймд МАН-ын Бага хурлын гишүүд Та бүхнийг  өнөөдрийн хурлаар “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.

“ТУСГААР ТОГТНОЛ ЗУУН ЖИЛ” ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж