Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

МАН-ын IX Бага хурал

Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Америкийн жүжигчин, дуучин Одра Макдональд “Бродвей”-н авъяаслаг жүжигчин Уилл Свенсонтой өнгөрөгч бямба гаригт төрөлх Нью-Йоркийн Кротон-он-Хадсон тосгондоо гэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.


-МАН-ынхан сүүлийн хоёр сарын хугацаанд хоорондоо толхилцоонтой байна. Монголын улс төр гэхээсээ илүүтэй нэг намын улс төр давамгайлсан тийм нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр хуралдах танай намын Бага хурлаар Ерөнхий сайдын нэр тодорхой болох учиртай. Та Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Нэр дэвших болсноо зарлах хүртэл та хэр их бодсон бэ? Эсхүл гэнэтийн шийдвэр байв уу?

-Энэ тухай нэлээд удаан бодсон. Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын гишүүд, намын Бага Хурлын болон жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Та Ерөнхий сайдад өрсөлдөөч” гэдэг саналыг маш их тавьсан. Гэхдээ би албан тушаалын сураг сонсонгуут, гуяа алгадаад гүйдэг хүн биш л дээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөлд ажиллах гэж байгаа юм гэдгээс эхлээд бодсон л доо. Нэлээд бодсоны эцэст, нэрээ дэвшүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан.

Хүнд үед нь зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхгүй юм бол, нам, төрдөө хэзээ туслах юм бэ?, яах гэж 20 гаруй жил улс төрд юуны төлөө явсан юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Өөрийнх нь нам дотор маш эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байхад юу ч болоогүй юм шиг гараа эвхээд сууж болохгүй биз дээ!

-Ер нь нэр дэвшинэ гэж баахан явж байгаад эцсийн мөчид хүмүүс нэрээ татдаг байдал гардаг. Та тэгэхгүй гэх баталгаа бий юу?

-Би сая хэлсэн. Шийдвэрээ гаргах хүртэл долоо хэмжиж, нэг огтолсон. Нэгэнт шийдсэн бол чигээрээ зүтгэдэг хүн дээ би.

-Танай намын дотоод байдал маш хүнд байна шүү дээ. Та үүнийг сайн тооцсон уу?

Тооцсон. Үнэхээр наадмаас хойш бужигнаантай байгаа. Уг нь энэ чинь манай намын цэвэр дотоод асуудал шүү дээ. УИХ-д 65 суудал авсан том нам, улс төрийн тулхтай хүчин мөн л юм бол дотооддоо үүссэн асуудлаа дотроо ярилцаад шуурхай шийдэх ёстой юм. Тэгж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Намын доторх энэ хүндрэл ард түмний зовлон болчих гээд байгаад л би хамгийн их эмзэглэж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуудал ард түмэнд ёстой хүртээлгүй сонирхолгүй зүйл. Бие биенээ гутааж, дотоодын аахар шаахар асуудлаа ард түмний шаналал мэт болгож болохгүй шүү дээ. Заримдаа сонгогчдоосоо ичих шиг болох юм.

-Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг МАН-ынхан уг нь асуудлуудаа дотооддоо шийддэг ч энэ удаа тэгж чадсангүй. Танай намын нэг хэсэг нь “Манай намын идээ бээр шахагдаж байна” гэх юм. Үүнээс үзэхэд, МАН буруу замаар явж ирсэн байх нь уу. Намын удирдлагууд нь муу ажиллаж байсан гэсэн үг үү. Өмнө нь та намын даргаар ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Алдаа бий. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Алдаа байгаа тул намын дотор ийм асуудал үүсч байгаа юм. Хаалгаа түгжиж байгаад ч хамаагүй бие биеэ зад шүүмжилж, сэтгэлээ онгойтол ярилцаад, ойлголцож, түүнээ олонхийн шийдвэр болгоод явдаг, нэгэнт олонх шийдвэр гаргасан бол дуртай ч дургүй ч бүгд захирагддаг нэг ийм алтан дүрэм манай намд байдаг юм. Үүнийг МАН-ын үнэт зүйл гэж үздэг.

-Та улс орны нөхцөл байдал ямар байгааг мэдэж байгаа болохоор Ерөнхий сайдад нэр дэвшиж байна гэсэн. Огцорсон Засгийн газраас илүү ачаа үүрч магадгүй. Засгийн тогтворгүй байдлаас болж валютын ханш 50 төгрөгөөр нэмэгдсэн гээд үр дагавар нэлээд гарч эхэллээ. Ер нь танд ямар давуу тал байгаа вэ?

-Тооцсон, тооцсон, бүгдийг тооцсон. Ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд маш хүнд ачаа үүрнэ. Гэхдээ би чадна. Нэгдүгээрт, нөхцөл байдлаа ойлгодог, тэндээс гарах арга замаа олдог, “би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Хоёрдугаарт, аль нэг тийшээ холбирдоггүй, туйлширдаггүй, туршлагатай хүн байх шаардлагатай. Гуравдугаарт, Өөрийн болон өрөөлийн алдаанаас суралцаж, сургамж авсан, алдаагаа дахин хэзээ ч давтаж болохгүй гэсэн хатуу үнэмшилтэй хүн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ард түмэн хүлээж авахаар нэр хүндтэй байх ёстой юм. Янз бүрийн бохир асуудалд нэр холбогдсон хүн байх юм бол эхнээсээ л дэмжлэг авахгүй дээ. Ерөнхий сайд нь дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь дэмжлэг авч чадахгүй. Тавдугаарт, намын бүлгийн гишүүд маань талцаад хоёр тийшээ хараад суучих хандлагатай болсон үед эвлэрүүлж чадах эрмэлзэлтэй, төвч байр суурьтай байх ёстой гэж боддог. Тиймээс энэ бүх шалгуурыг би хангана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ерөнхий сайд болж аваад хөрөнгөжчихье, тэрийгээ энийгээ албан тушаалд тавьчихъя гэдэг бодол надад байхгүй. Бас дамжаад цаашаа ийм, тийм өндөр албан тушаалд очно гэсэн шунал байхгүй
 

-Таныг намаа хүнд үед гарч ирээд сайн сайхан болох эхлэл тавигдангуут явдаг гэх юм билээ. Хүнд үед нь гарч ирчихээд, алга болдог тань ямар учиртай юм бэ. Харин ч эсрэгээрээ, би хүнд үед тэгж ажилласан гээд явах ёстой юм биш үү?

-Үнэхээр, энэ намыг хүнд байх тэр цаг үед гарч ирдэг гэж нөхөд маань хэлдэг юм. 1996 онд нам ялагдахад, Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн дарга, би намын нарийн бичгийн даргаар ажилласан, 2000 онд 72 суудал авч манай нам үнэмлэхүй олонх болж байлаа. 2012 оны сонгуульд нам ялагдахад “Та л намын даргаар ир. Танаас өөр хүн алга,танд туршлага байна, зүтгэ” гэсэн. Намын дарга болсон. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л дээ. Тиймээс зарчим гэж нэг юм байна. Нэр дэвшигчээ ялуулж чадаагүй тул “хариуцлагаа хүлээгээд явъя” гээд өөрөө шийдвэрээ гаргаж, албаа өгч байсан. Одоо бас нэг тийм цаг ирчихлээ. Надад хойшоо гишгэх газар ч алга, эрх ч алга.

-Та бол нэгэнт Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ зарлачихсан. Ямар мөрийн хөтөлбөр, зарчим барьж орж байгаа бол?

-Ард түмний хүсэн хүлээж буй том том асуудлуудыг барьж авна, бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд манай нам амлачихсан. Чадвартай, шударга, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Ажил эндээс эхэлнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгээс ард түмэн эхний дүнгээ тавина. Хамгийн түрүүнд, дотоодын маргаан, сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй. Бидэнд боломж, бодит бололцоо их бий. 65 хүнтэй бүлэг гэдэг чинь маш том хүч шүү дээ. Түүнийг бүтээн байгуулах их хүч болгож, зохион байгуулах л шаардлагатай.

-МАН-ын дотоод хагарал юунаас эхэлсэн бэ. Анх харж байхад, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараахь сэтгэлзүйн хувьд шок-нд орж байх шиг байна гэж харсан ч үнэндээ албан тушаалын төлөөх тэмцэл байж гэж харагдах болсон. М.Энхболд дарга бол хариуцлагаа хүлээж, намын даргаа өгнө гээд мэдэгдчихсэн байсан. Эцэстээ улс орны эрх ашиг гэхээс илүү Ерөнхий сайд болох гэсэн хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөөх тоглолт болчихсон…

-Ямар ч асуудалгүй, сайхан нам байсан чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэнэт ялагдаад, тэгээд л бүх юм болохоо байсан гэж ярьж болохгүй л дээ. Цаанаа асуудал их байж, тэр нь л гарч ирж байна. Мөсөн уулын ил харагдаж байгаа нь түүний өчүүхэн хэсэг, ихэнх нь далд оршдог гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ одоо болох Бага Хурал болон Их Хурлаар сайн ярих шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнтэй маш холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон зүйлсээс хамааралтай. Зөвхөн Засгийн газраас болоод сонгуульд ялагдчихсан ч юм биш. Хэрэв Засгийн газар муу ажилласан бол 65 хүнтэй бас холбоотой. Энэ засгийн газрыг 65-ын бүлэг дэмжиж байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд 65-ын бүлэг дэмжсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу яах вэ гэхэд “Ор,ор” гэж 65-ын бүлэг л шахсан. “ Орохын тулд ийм ийм болзлуудыг тавьж байна. Татвар нэм гэж байна. Хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг нь хязгаарла гэж байна, тэтгэврийн насыг нэм гэж байна” гэхэд тэгэлгүй яах вэ гээд л олонхи нь дэмжсэн. Бүх зүйлийг бүлэгтэйгээ ярьж байгаад л хийсэн. Үнэн бол энэ.

-Ганц жишээ авахад л ОУВС-д хамрагдсан нь буруу болсон. Эдийн засгийн эрх мэдлээ гадныханд өгчихлөө гээд танай бүлгийн гишүүд яриад байсан л даа…

-Одоо бол хамрын доорх хагархай гэдэг шиг сайхан бурж байна л даа. ОУВС-гийн дэмжлэггүйгээр өөр яаж явах байсан юм бэ? Энэ их өр ширийг яаж зохицуулах вэ?, төсвийн алдагдлыг хаанаас нөхөх вэ? Ийм асуултуудыг тавихаар хэн ч, юу ч хэлж чаддаггүй. Манайх анх удаа ийм байдалд орсон юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа хөтөлбөрт хамрагдаад босч ирсэн түүхтэй юм. Бид ядрахаараа ОУВС-д ханддаг, жаахан чадал тэнхээ суугаад ирэхээрээ зангаа хувиргадаг. ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахаас өөр зам байхгүй. Нэг их шидтэй хүн төрж, шидэт саваагаар дохиж асар их мөнгөөр бороо оруулдаггүй л юм бол өөр боломж байхгүй л дээ.

-Засгийн газраас гарсан шийдвэр бүр иргэдийн халаас, тэдний амьдралд хамгийн их нөлөөлдөг. Тэр утгаараа Засгийн газар гэж институци маш сайн ажиллах хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Засгийн газар ажиллах боломж тэр бүр олддоггүй. Юм л бол огцруулна гэх. Засгийн газар бие даагаад шийдвэр гаргахаар УИХ нь дургүйцэж, нөгөө талаас Ерөнхийлөгч орж ирдэг. Тэгэхээр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чухал гэдэг л дээ?

-Одоо нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь цаашаа яах вэ? гэдгээ бодож бас хүндрэлийг боломж болгон харах хэрэгтэй. АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн бичсэн номын уншиж байхад, Хятадууд хямралыг “бэрхшээл”, “боломж” гэсэн утгатай хоёр ханзаар тэмдэглэдэг гэжээ. Агуу ард түмэн сүрхий харсан бодсон байгаа биз. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүртэл засах боломж болгон ашиглая. Түүнээс биш нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр, нэг сайдыг өөр нэг сайдаар солиод санаа амарч болохгүй. Нилээд том том өөрчлөлт их шаардлагатай. Энэ нь хүн бүрт таалагдах албагүй. Нилээд яам, албан газар нэг баг болж чадахгүй байна. Орон нутагт ч ялгаагүй. Сайд гэхэд яг өөрөө мэдээд доод тушаалын хүмүүсээ тавьж чадсан уу, үгүй юу? Энд тэндээс чаддаг, чаддаггүй баахан хүн шахаад тавиулчихсан юм биш үү?Тэгээд, нэг баг цул хүч болж чадаагүй бололтой. 65 дотроос ч маш их шахсан. Дарга, сайд нь ажлын шаардлага тавихаар нөгөө шахаасны нөхөр чинь шууд “эзэн”-дээ ховолчихно. Намайг шахаад, хавчаад байна…гэхчлэн. Тэгэнгүүт, “эзэн” нь уурлаж, дээдэх даргыг нь “огцруулна” гэж айлгана. Иймэрхүү дүр зураг л харагдаад байгаа юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү иймэрхүү завхралуудаа засах ёстой.

-Энэ чиглэлд ажиллах бодлогоо тодорхойлчихсон гэж ойлгож болох уу, Таныг?

-Бодлогоо тодорхойлчихсон.

-Нэг жилийн өмнөх танай намд өгсөн иргэдийн итгэл яагаад буурчихав. Ганцхан жилийн өмнө 65 суудалтай олонхийг бүрдүүлэн баярлаж байсан эрх баригчид буюу 65 гишүүн өөрсдөө зовлон болоод эхэлчихлээ гэж байна. Хэт олонх болчихсон үед тэдний санаа оноог шигтгээд явна гэдэг бас л амаргүй ажил байх. Гэхдээ үүнийг хийчих хүн л Ерөнхий сайд болох хэрэгтэй гээд байгаа…

-Нэг суут хүний үг байдаг юм. Тэр нь: “Дээшээ гарахын тулд тулгуураа олох хэрэгтэй. Дээшээ гараад тогтохын тулд тэнцвэрээ олох ёстой” гэж. Тэнцвэрээ олж чадахгүй, толгой хавьдаа савлаад байгаа юм биш үү? Манай намынхан энэ үгийг сайн ухаарах хэрэгтэй. Академич Б.Чадраа агсан нэг удаа намын Бага Хурал дээр ‘Аавдаа алгадуулсан хүүхэд сайн хүн болдог” гэж хэлж байсан юм. Ер нь бид нар Бага, Их хурлуудаа хуралдуулаад тэднээрээ нэг сайн алгадуулах цаг болчихсон даг шүү.

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн олон нэр яригдаж байлаа. Таныг нэр дэвшинэ гэхэд талархан хүлээж авах хэсэг байхад нөгөө талд нь “60 тэрбумынхныг хамгаалахаар орж ирлээ” гэж байна л даа…

-Тэгнэ л дээ. Дургүй хүмүүс юу ч гэж ярина. Хүн алсан ч гэж бичиж магад. Өнөөдөр 60 тэрбумыг хамгаалаад байгаа хүн хэн байгаа юм. Бүгд л сэтгэл зовж байна шүү дээ. Үүнийг шалгасан хуулийн байгууллага нь яагаад тодорхой хариу өгөхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж л байна. 60 тэрбумын тухай яриа хэсэг хүмүүсийн хооронд болчихож. Харин тэр яриа хэрэгжсэн юмуу, үгүй юу гэдэг л гол нь шүү дээ. Прокуророос хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ. Яагаад ийм дүгнэлтүүд гарав гэдгийг нь бид сонсмоор байна. 2016 оноос хойш төрд ажилласан хүмүүсийг АТГ-т хэд хэдэн дуудаж асуусан юм билээ. Бараг 600-гаад хүнийг дуудаж, асуусан, байцаасан гэсэн. Шалгаад дууссан юм бол үүнийгээ ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг би удахгүй чуулган дээр шаардах болно.

-Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүмүүс Бага хурлын гишүүдтэйгээ уулзаж байна гэх юм. Зарим нь гадуур тэр Ерөнхий сайд болчихвол ийм албан тушаал надад өгнө гээд ярьж яваа тухай танай намын гишүүд ярьж байна л даа. Ингээд эхлэхээр өнөө 60 тэрбумаас ялгаа байна уу, ер нь?

-Иймэрхүү байдлаар Бага Хурлын гишүүдээ татах гэж оролдох юм бол үнэхээр жинхэнэ завхарсан заваан юм болно. Нөгөө 60 тэрбум чинь ёстой үнэн юм байна гэдэг яриа жинхэнэ бодитой болно шүү дээ. Ц.Нямдоржийн хэлдгээр, ёстой “түмпэн, түмпэнгээр бөөлжинө” гэдэг л болох байх даа.

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж