Өнгө орчуулга гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Өнгө орчуулга гэж юу вэ?

Нийслэлийн Улаанбаатар чуулга энэ сарын 10-нд найруулагч С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжгийг тайзнаа тавих гэж байна.

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Намайг жаахан хүүхдээс “том хүн”-рүү шилжиж байхад, улс орон социализмаас ардчилал руу алхаж байлаа. Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх санаатай Абба, Модерн токинг, Дэмис Рөүс мэт алдартнуудын дуу сурахыг хичээж ах, эгчийн голсон кассетийг магнитофондоо хийж, сонсголоороо л хэдэн үг бичиж авдаг байлаа. Төрсөн өдрийн “Хээпий бөөрт дэй түү юү(Happy birth day to you)”-г Хавийн бөөсөө түүе үү, Модерн “Токинг” хамтлагийн  “Юү аа май хаарт(You are my heart)”-ыг “Ямаа хөөе”, “Юү аа май сөүл(You are my soul)”-ийг “Ямаа саая” маягийн сонсоод л амандаа аялдаг сан. Энэ бол өнгөн орчуулга гэдэг нь байжээ. Тэгвэл өнөө цагийн өнгөн орчуулгын ганц хоёр жишээ дурдъя.

Солонгост ажил хийхээр очсон Ёндон гэдэг залуу автобусанд явж байтал жолооч “Ёндонбуу! гэж хэлэхэд мань хүн ‘Соёлтой орон сайхан юм аа. Миний нэрийг хүртэл мэдээд, буу гэнэ ээ! гээд баярлаад буучихжээ. Харин зорьсон газраа бус, “Ёндонбуу” буудалд бууж төөрөөд, цагдаагийн газар хоног төөрүүлсэн гэнэ билээ. Ахиад солонгос дахь монголчуудын онигоо. Бат гэж залуу Солонгост дөнгөж ирсэн найзынхаа ажил дээр очиж буу халж байжээ. Удалгүйүйлдвэрийнх нь дарга  “Вадакадахажима!” гэж орилжээ. Найз нь “Өө, тэгсэн тэгсэн. Батаа гадаа ирчихсэн байгаа.” гэнгээ “Яаж чамайг ирснийг мэддэг байна аа?” гэжээ. Үйлдвэрийн захирал солонгосоор “Битий орж гараад бай!” гэсэн байж л дээ.

Мэдээж энэ бол орчуулга гэхээсээ наргиа юм. Харин жинхэнэ орчуулга бол үгчлэн буюу махчлан орчуулах, оюун ухаанаар орчуулах, утгачлан орчуулах гэсэн гурван янз. Үүнийг хэд гурван жишээгээр тайлбарлая. “После дождичка в четверг”–ийг “борооны дараагийн Пүрэв гарагт” гэвэл үгчилсэн орчуулга, “Тийм юм гэж байхгүй ээ, хэзээ ч биелэхгүй.” гэвэл оюун ухаааны орчуулга, “Нар баруунаас гарч, навч цэцэглэнэ биз!” гэвэл утгачилсан орчуулга болно. “Солдатами не рождается”-г “Цэрэг төрдөггүй” гэвэл махчилсан, “Цэрэг цэргээрээ төрдөггүй” гэвэл “арай гайгүй” махчилсан, “Зүгээр байж байгаад цэрэг болчихдоггүй юм аа, хө!” гэвэл оюун ухааны, “Хал үзэж цэрэг болдог” гэвэл утгачилсан орчуулга болно. Орос хэлний “Первое ласточка”-г “Анхны хараацай” гэвэл үгчилсэн буюу махчилсан, “эхлүүлсэн, үүсгэсэн” гэвэл оюун ухааны, “Тулгын чулууг тавилцсан, тавьсан” гэвэл утгачилсан орчуулга болно. Мөн “прошлый год, будущий год, позапрошлый год”-ыг “өнгөрсөн он, ирэх он, өнгөрсөн оны урд он” гэвэл махчилсан орчуулга, “хойд жил, урд жил, өнгөрсөн хоёр жил” гэвэл оюун ухааны орчуулга, “ноднин, хойтон, уржнан гэвэл” утгачилсан орчуулга болох юм байна. Тэгэхээр “өвдөх-ийг өвдөлт өгөх, “шидэх-ийг шидэлт хийх, “шалгалт болох”-ыг шалгалт явах гэдэг бүгд монгол хэлийг хөшүүн, хөндий болгоод байгаа махчилсан, модон орчуулгууд юм.

Хөндий хүйтэн модон орчуулга хожмын өдөр эх хэлийг эвдэх гэмтэй. Харин утгыг нь ташааруулсан эндүү орчуулгууд хожим хойно биш, алдсан даруйдаа хал балаараа хамгийг төөрүүлдэг. Үүний нэг нь цөөнгүй хүнд “Европчууд үеэлтэйгээ суучихдаг сонин шүү!” гэсэн эндүү бодол төрүүлсэн явдал. Учир нь англи хэлний “cousin” буюу “бөл”-ийг “бүл”-ээс ялгаагүй хэлдэг болсонтой холбоотой. Нэг айлын хөвгүүдийн хүүхдүүд, эгч дүүгийн хүүхэд бол бөл буюу үеэлүүд. Харин нагац, авга эгч нарын төрөл, эгч охин дүү хоёроос төрсөн хүүхдүүд хоорондоо бүл болно. Европт бүлүүд таван үеэс хойш гэрлэж болдог бол бөлүүд буюу үеэлүүд хэзээ ч ханилж болдоггүй.

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг дээ. Мэдэлгүй орчуулсан ганц л үг ийм гэмтэй байдаг байх нь ээ. Чадал муутай хүн орчуулга хийх гэж махаа идэхийг царай муутай эм эр эргүүлж нэрээ баастахтай адилтгадаг юм шүү!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Европчууд үеэлтэйгээ суучихдаг, сонин шүү!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж