Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Меркел дахин яллаа

Холбооны сонгууль өчигдөр (2017.09.24)болж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел улиран сонгогдож, дахин дөрвөн жил засгийн газраа тэргүүлэхээр боллоо.

Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо нам (CDU/CSU) далан жилийн хугацаанд сонгуульд анх удаа хамгийн муу дүн үзүүлсэн ч парламентад олонх болж чадсан  байна.  Одоогийн эвслийн засгийн газарт хамтран ажиллаж буй Социал демократ нам (SDP) –ын хувьд энэ сонгууль түүхэн ялагдал авчирч, социал демократуудыг парламентанд сөрөг хүчин болгожээ. Харин парламентад суудалгүй байсан барууны үзэл баримтлалт AfD нам анх удаагаа парламентад сонгогдож, саналын дүнгээр Христийн ардчилсан нам, Социал демократуудын дараа гуравдугаарт бичигдсэн байна.
Хэдийгээр AfD нам парламентад суудал авсан ч тус намын дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал явуулсан байна.

Меркелийн бас нэг том ялалт

Берлин дэх барууны үзэл баримтлалт, Исламын эсрэг AfD намын төв байрны гадна “Цагаачид тавтай морил” гэсэн бичигтэй лоозонтой жагсагчид цугларсан бөгөөд ийм жагсаал цуглаан Франкфурт, Кёлн хотуудад ч мөн гарчээ. Парламент дах суудлын тоогоор Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо нам олонх болсон хэдий ч тус нам дэлхийн хоёрдугаар дайны дараа явуулсан анхны сонгуулиас хойш сонгуульд анх удаа муу үзүүлэлттэй оролцсон нь энэ ажээ.

Холбооны Канцлераар 12 жил ажиллаж буй Ангела Меркел сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “сонгуулийн дүнг илүү өөдрөгөөр төсөөлж байлаа” хэмээгээд цааш хэлэхдээ “Германы Альтернатив нам (AfD)-ын дэмжигчдийн саналыг авахын тулд тэдний “санаа зовж буй” асуудлыг авч үзэх болно” гэжээ.

Ангела Меркел мэдэгдэлдээ Холбооны засгийн газар эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар шинэ гарц олохоо  амлаж, “Германы Альтернатив нам олон дэмжигчтэй болсны нэг шалтгаан болсон цагаачлалын асуудлыг ч дурьджээ. Канцлерын нам түүхэндээ байгаагүй муу үзүүлэлт үзүүлсэн нь 900,000 цагаачдыг Германд оруулахыг зөвшөөрсөнтэй холбоотойг хэвлэлүүд бичиж байна.
Европарламентын ерөнхийлөгч асан Мартин Шульцийн Социал демократ нам ч мөн энэ удаагийн сонгуульд “муу дүн” авсан. Ангела Меркелийн хүчтэй өрсөлдөгч байсан Мартин Шульц “Сонгуулийн дүн Христийн ардчилсан холбоо  болон Социал демократуудын их эвслийн хувьд төгсгөл авчирлаа. Социал демократуудын хувьд хэцүү өдрүүд ирж байна. Бид зорьсондоо хүрч чадсангүй”  хэмээн мэдэгджээ.

Тиймээс дөрөвдэх удаагаа Холбооны Канцлераар сонгогдсон Ангела Меркелд шинэ эвсэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм.
Социал демократуудтай эвсэл байгуулах санал нь дэмжигдээгүй тул Ангела Меркелд сонголт хийх боломж бараг үлдээгүй. Тиймээс эвслийн шинэ засгийн газар байгуулахад түүнд хэдэн сар шаардагдах бололтой.
1950 оноос хойш Германы парламентад анх удаа зургаан нам төлөөлөлтэй болж байгаа нь энэ юм.

Шинэ эвслийн өнгө ямар байх вэ?

Шинэ эвслийг “Ямайка” маягаар төсөөлж байна. Ингэж нэрлэх болсны учир нь эвсэлд орох магадлалтай намуудын өнгө Ямайка улсын далбааны өнгөтэй адил болох юм.  Христийн ардчилсан холбооныхон хар, дөрвөн жил завсарласны эцэст парламентад эргэн ирж буй бизнесийг дэмжигч нам  (FDP) шар, мөн Ногоон намыг эвсэлд орно гэж харж байгаа юм.

Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хориглохыг шаардаж буй Германы Ногоон нам болон үүнийг эсэргүүцдэг Чөлөөт демократууд намуудын эвсэл төгс гэрлэлт болж чадахгүй ч  Бундестагт хангалттай. Харин дээрх намуудын  алин нь ч Германы Альтернатив намтай хамтарч ажиллахгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж