Хоёр жилийн өмнөх УИХ-аас баталсан өмч хувьчлалын жагсаалтыг 2017 онд үргэлжлүүлэх ажил зогслоо. “Оргил рашаан” сувиллаас бусад зургаан төрийн компанийн хувьчлалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас нэг жилээр хойшлуулжээ. Улсын эдийн засаг савлагаатай, улс төр дэнжигнэсэн ийм үед томд тооцогдох төрийн өмчит компаниудыг хувьд шилжүүлэх нь үнэгүйдүүлнэ. Мөн эгзэгтэй энэ агшныг эдийн засгийн бүлэглэлүүд ч отоод зогсч байхыг үгүйсгэхгүй.
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын тайлбарласнаар, “Архангай АЗЗА”, “Болор” амралтын газар, Хөвсгөл аймаг дахь конторын барилга гэсэн жижиг объектуудыг хувьчилжээ. Харин том объектыг худалдаж авах иргэн, аж ахуйн нэгж ховордсон байна. Учир нь, хүмүүс мөнгөгүй болж, тендерт оролцохоор нэг ч компани, иргэн саналаа ирүүлээгүй аж. Тиймээс Засгийн газраас өмч хувьчлалын бодлого, жагсаалтаа эргэж нэг хараач гэсэн саналыг УИХ-д тавихаар болжээ. Нөгөө талаас УИХ-аас нэгэнт шийдвэр нь гарсан байхад өмч хувьчлалыг УИХ-ын нэр бүхий гишүүд улстөржүүлэх болсон гэв. УИХ-ын гишүүд өөрсдөө баталсан байж ажил хэрэг болгох гэхээр эсэргүүцээд эхэлдэг гэж учирлалаа. Энэ нь төрийн бодлого, шийдвэр, ажлын хоорондын уялдаа холбоогүй болсны илрэл гэнэ. УИХ нь баталсан бол Засгийн газар нь салбар яам, агентлагтаа өмчлөлийн талаар сайн мэдээлдэг, тайлбарладаг байх, дараа нь нэгдсэн ойлголттой болох шаардлагатай болжээ. Энэ чигээрээ явбал төрийн өмчийн хувьчлал зогсонги хэвээр байх эрсдэлтэй гэв.
ТӨРИЙН БАНКИЙГ 2018 ОНД ХУВЬЧИЛНА
Хувьчлалын жагсаалтын эхэнд бичигдсэн Төрийн банкийг 300 тэрбумаар худалдах урьдчилсан үнэлгээг албаныхан хийжээ. Гэхдээ Сангийн яамнаас тус банкны хувьчлалыг нэг жилээр хойшлуулж, 2018 онд худалдах саналыг ТӨБЗГ-т гаргажээ. Тиймээс хувьчлалын ажлыг түр зогсоосноо ТӨБЗГ-аас мэдээлэв. Төрийн банкны хөрөнгийн тухайд 162 тэрбум. Жилдээ 10 тэрбумын цэвэр ашигтай ажилладаг. Тус банкны дүрмийн сангийн 25 хувийг Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Дүрмийн сан нь 113 тэрбум төгрөг. Харилцагчдынх нь тоо хоёр сая 863 мянга. Зээлдэгчид нь 202 мянга, хадгаламж эзэмшигчдийнх нь тоо 585 мянга. Нийт 502 салбар нэгжтэй. Нийт зээлийн хэмжээ нь нэг их наяд 140 тэрбум төгрөг. Чанаргүй зээлийнх нь нийт зээлд эзлэх хувь 2.7 хувь. Тус банкны нийт зээлийн 39 хувийг хэрэглээний, 20 хувь нь орон сууцны, 11 хувь нь бизнесийн зээл эзэлж байна. Харин 30 орчим хувь нь төслийн болон бусад зээлүүдэд олгогдсон. Бусад банктай харьцуулахад нийт активын хэмжээгээр тавдугаарт, цэвэр ашгийн хэмжээгээр гуравдугаарт жагсдаг.
“ОРГИЛ” РАШААН СУВИЛЛЫГ ХУВЬЧЛАХ ДООД ҮНЭ 12.1 ТЭРБУМ ТӨГРӨГ
Өнгөрсөн хавраас эхэлж “Оргил” рашаан сувиллыг хувьчлахаар ТӨБЗГ-аас нээлттэй дуудлага худалдааг гурван удаа зарласан ч нэг ч байгууллага, хувь хүн оролцоогүй юм. Тиймээс хувьчлалын доод үнийг 10 хувиар бууруулж, 12.1 тэрбум төгрөгөөс эхлэн нээлттэйгээр дуудаж, борлуулах шийдвэрийг албаныхан гаргасан байна. Хэрэв хэн нэгэн тус сувиллын газрыг худалдан авбал, сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг давхар хариуцаж ажиллах үүрэгтэй.
Эзэмшлийн тухайд 100 хувь төрийн өмчийнх. Нийт хөрөнгө нь 5.2 тэрбум орчим төгрөг. Хувьцаа нь 159 мянга 1930 ширхэг. Хувьцааны нэрлэсэн үнэ нь 1000 төгрөг. Эдийн засгийн үзүүлэлт нь 2016 оны байдлаар цэвэр ашиг нь 3.7 сая. Орлого нь 28 сая. Цаашид рашааны ордын нөөцийг шинэчлэн тогтоолгох болоод компанийн барилга, цахилгаан, сантехник инженерийн шугам сүлжээг нь шинэчлэх шаардлагатай.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” 218.840.000 ШИРХЭГ ХУВЬЦААТАЙ
Өнгөрсөн жил 1.7 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан 100 хувь төрийн өмчит “Монголын Хөрөнгийн бирж” компанийг 20 тэрбумаар хувьчлах саналыг ТӨБЗГ-аас гаргаад жил гаруйн нүүрийг үзлээ. Гэвч салбар яамнаас нь тус компанийн хувьчлалыг нэг жилээр хойшлуулах саналыг мөн гаргажээ. Тус компанийн дүрмийн сан нь 21 тэрбум 884 сая. Нийт хувьцаа нь 218 сая 840 мянган ширхэг. Хувьцааны нэрлэсэн үнэ нь 100 төгрөг. 2016 онд нэг тэрбум 639 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийт 65 ажилчинтай. Үүнээс гадна төрийн өмчийн хувьчлалыг 2016 оны нэгдүгээр сараас анх олон нийтэд нээлттэй явуулж эхэлсэн. Одоогоор валют арилжааны нэгдсэн платформ байгуулахаар ажиллаж буй. Цаашид хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талд нэгэн зэрэг үйлчлэх нэгдсэн Дундын зуучлалын төв /CCP**/-ийг нэвтрүүлэх, мөн олон улсын жишигт нийцсэн төлбөр тооцооны системтэй болох шаардлагатай.
“МОНГОЛ ШУУДАН” КОМПАНИЙН ХУВЬЧЛАЛ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
6.2 тэрбум төгрөгөөр 34 хувиа 2016 оны нэгдүгээр сард арилжсан “Монгол шуудан” компанийн үлдсэн 66 хувийг ч мөн төр 20 тэрбум төгрөгөөр энэ жил худалдахаа зарласан. Гэвч УИХ-ын гишүүн Б.Аюурсайхан энэхүү хувьчлалыг эсэргүүцэж, зарим нэр бүхий хүмүүс төрийн өмч хөрөнгөөр тоглон үнэгүйдүүлж байгаад хувьдаа авах нь гэж байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар дамждаг. Хоёрдугаарт, шуудангаар дамжиж иргэн болон аж ахуйн нэгжийн аюулгүй байдалд халдсан жишээ гадаадын улс орнуудад гарч байна. Эдгээрийг харгалзаж үзээд 51 хувь нь төрд, үлдсэн хувийг нь хувьчилж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Тэгээд ч 34 хувийг нь IPO гаргаад 6.2 тэрбумаар борлуулчихсан, тэр 6.2 тэрбум нь дансанд нь байгаа. Дээр нь таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл шүү дээ. Гэтэл энэ байгууллагыг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байна. Ялангуяа өмнө нь 34 хувийг нь 6.1 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс эргээд төрийн мэдлийн хувьцааг авах юм бол 34 хувиа үнэгүй авсан болох нь” гэж ярьж байсан юм.
Ийнхүү араасаа эсэргүүцэл, маргаан дагуулсан “Монгол шуудан” компанийн хувьчлалыг ТӨБЗГ-аас хэзээ хэрхэн хувьчлах нь тодорхойгүй байна.
Компанийн хөрөнгийн тухайд, 20 тэрбум 508 сая 385 мянган төгрөг. Нийт хувьцаа нь 33 сая 859 мянга 363 ширхэг. Хувьцааны нэрлэсэн үнэ нь 100 төгрөг. 2016 онд нэг тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт 912 ажилтантай. Хамгийн том тулгамдсан асуудал нь хот доторх болон хот хоорондын шуудан хүргэлтийн автопаркийг шинэчлэх юм.
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО”-НЫ 40 ХУВИЙГ ТӨР АВАХААР БОЛЖЭЭ
“Монголын цахилгаан холбоо” компани буюу төр өөрийн мэдлийн 54.67 хувийг 2017 онд хувьчлахаар шийдвэрлэсэн ч, тус компанийн 40 хувийг эзэмшдэг БНСУ-ын “Кореа телеком корпораци” энэхүү хувиа Монголын төрд буцаан худалдах саналыг гаргажээ. Улмаар Засгийн газар хоёр сая таван зуун тавин мянган ам.доллар буюу 15 тэрбум төгрөгөөр 10 сая 348 мянга 11 ширхэг “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааг өөрийн мэдэлдээ буцаан авахаар шийдвэрлэсэн юм. Мөн тухайн компанийн ажилчид хувьчлалыг эсэргүүцсэн байна.
“Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд нийт 856 ажилтантай юм. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг юм. Тус компанийн суурин утас, суурин интернэт, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар суурин утасны зах зээлийн 25 хувь, суурин интернэтийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.
ЭБЦТС-Д 19 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” /ЭБЦТС/ компанид Дэлхийн банкны 19 сая ам.долларын хөрөнгөөр “Эрчим хүчний төсөл-II” нэртэй шугам сүлжээг шинэчлэх, 38 мянган өрхийг ухаалаг тоолуурын системд шилжүүлэх төслийг 2020 он хүртэл хийхээр ажиллаж буй аж. Тодруулбал, Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин салбарын төвийн нам хүчдэлийн шугам сүлжээг шинэчилж эхэлжээ. Тиймээс тухайн компанийн хувьд шилжүүлэх ажлыг хойшлуулах саналыг Эрчим хүчний яамнаас гаргасан байна. Гэхдээ хэдэн жилээр, хэдий болтол хойшилсон нь тодорхойгүй. ТӨБЗГ-аас гаргасан хувьчлах үнэлгээ нь 121 тэрбум. ЭБЦТС компанийн өөрийн хөрөнгө нь 119 тэрбум 534 сая төгрөг. 2014 онд 511.5 сая, 2015 онд хоёр их наяд 757.2 сая, 2016 онд 69.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
Холбоотой мэдээ