Багш нарын горимын санал

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Багш нарын горимын санал

Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагаа сануулан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт ажил хаялаа. Өнгөрсөн долоо хоногийн ажил хаялтад оролцоогүй сургуулийн багш нар энэ долоо хоногт ажил хаялтад нэгдсэнээ илэрхийлж мөн нэг өдөр хичээлээ заахгүй юм. Одоо авч байгаа дундаж цалингаа 2.5-аас гурав дахин нэмэгдүүлж, 1.6  сая төгрөгт хүргэх шаардлагыг багш нар тавьж байгаа. Засгийн газраас багш нарт өгсөн хариудаа ингэж шууд нэмэгдүүлэх боломжгүй 30 хувиар үе дараатайгаар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн ч багш нар хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байна.

Цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжин нэгдэж байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар юм. Өнгөрсөн 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 28490 багш ерөнхий боловсролын сургуульд багшилж байжээ. Энэ жилийн хувьд, энэ тоо нэг их хол зөрөөгүй гэж тооцвол 30 орчим мянган хүний цалинг нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Гэхдээ багш нар анх шаардлагаа цалин нэмүүлэхээс гадна цалингийн ангиллаа Төрийн үйлчилгээнээс Төрийн захиргааны ангилалд оруулахыг шаардаж байсан ч явцын дунд энэ шаардлага сонсогдохоо больжээ. Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд бол төрийн албан хаагчдын дийлэнх хувийг эзэлдэг том “арми”.

Багш нарын энэхүү шаардлагыг олон нийт янз янзаар хүлээн авч байна. Цалингаа нэмүүлэх шаардлагаас үүдэн сургалтын чанар, багш нарын ёс зүйн асуудал хамтдаа сөхөгдөж байгааг иргэдийн байр сууриас харж болохоор байна. Мэргэжлийн хяналтын газарт ирж байгаа багш нартай холбоотой гомдлын дийлэнх нь багшийн ёс зүйтэй холбоотой, тэр дундаа харилцааны соёл, мэргэжлээ сайн эзэмшээгүй байдаг тухай боловсрол хариуцсан байцаагч сэтгүүлчид ярьсан нь анзаарахгүй орхиж болохгүй асуудал.

Цалингаа нэмүүлэх багш нарын үндэслэлүүдийн нэг нь ачаалал их, олон хүүхэдтэй ажиллаж байгаа явдал. Нийслэлийн хэмжээнд аваад үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт хэвийн хэмжээнээс хэтэрсэн нь үнэн. Анги дүүргэлт хотын төвийн сургуулиуд болон орон нутгаас шилжин ирэгсэд төвлөрөн суурьшсан алслагдсан дүүргийн сургуулиудад өндөр байна. Ялангуяа аль социализмын үеэс сайн сургалттай гэгддэг сургуулиудад анги дүүргэлт стандарт нормоос 1.5-2 дахин их байгаа. 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багш бүгдтэй нь ажиллах боломж угаасаа байхгүй. Хувийн сургуулийн тоо нэмэгдэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Чанартай боловсролд хөрөнгө оруулж байж хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгож чадна гэдгийг эцэг, эхчүүд ойлгодог болсон. Гэхдээ ойлголоо гээд хувийн сургуульд төлөх мөнгө байхгүй учраас аль сайн гэгддэг улсын сургууль руу бүхий л арга чаргаа хэрэглэн хүүхдээ оруулахыг боддог. Есдүгээр сарын 1 дөхөөд ирэхэд хотын төвийн сургуулиудын захирал, багш нар, дүүргүүдийн боловсрол хариуцсан хүмүүс шиг эрэлттэй хүнгүй болж байгааг бүгд мэднэ.

Анги дүүргэлт бага, багш нар нь хүүхэд болгонтой тулж ажиллах боломжтой, орчин нөхцөл тухтай хувийн сургуульд эцэг эхчүүд  хүүхдээ сургахыг хүсч байгаа ч мөнгөний боломжгүйгээс талаар өнгөрдөг. Тиймээс тэдний хүслийг хангах тал дээр цэгцтэй, нэгдсэн бодлого үгүйлэгдээд удаж байна. 30 хүүхэдтэй ажиллах цалинг өгчихөөд 50-60 хүүхэдтэй ажиллуулж байгаа нөхцөлд цалин нэмэх хийгээд сургалтын чанар муу гэсэн гомдол аль аль нь тасрахгүй гинжин урвал шиг үргэлжилсээр байх болно. 60 хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмээд ч үндсэн гол асуудал шийдэгдэхгүй.

Төрөлтийг алсуураа дэмжсэн хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө зэрэг улстөрчдийн зөвхөн сонгуульд оноо авах гэсэн харалган амлалтын “үр дүнд” бага насны болон сургуулийн насны хүүхдийн тоо сүүлийн арваад жилд эрс нэмэгдсэн. Социализмын үед шинээр мэндэлж байгаа хүүхдийн жилийн дундаж тоо 20-25 мянгаас хэтэрдэггүй байсан бол эдүгээ бараг 40 мянгад хүрсэн. Харамсалтай эдгээр хүүхдүүдийг шингээх дэд бүтэц өргөжин тэлсэнгүй. Багачуул хүмүүжих цэцэрлэггүй сугалаанд азаа үзэн гологдож шилэгдэж, сургуульд тохойгоо хөдөлгөх эрхгүйгээр шахцалдан сууж байна. Улс төрийн шийдвэр болгон алс ирээдүйтэйгээ уялдсан байх учиртайг энэ дүр зураг илтгэдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг өнөөдрийн боловсролын салбарт хамгийн их хамаатай болоод байна.

Багш нарын цалингаа нэмүүлэх тэмцэл жинхэнэ тэмцэл эсэхэд эргэлзэж байгаагаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай сурвалжлагчид хэлсэн байсан. Цалин нэмэх мөнгө Засгийн авдарт байхгүйг багш нар ч мэднэ. Харин авдрын эзэн болох хэн нэгний зорилгод багш нар хөтлөгдөж байвал яах вэ? Монгол хүний горимын саналын ард заавал нэг эрх ашиг байдаг гэж нийтлэлч Баабар хэлсэн байдаг. Багш нарын цалин 1.6 сая боллоо гээд хүүхдийн чинь сурлага сайжирна гэдэгт итгэж байгаа эцэг эх хэр олон бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж