Монгол туургатнууд соёлоороо нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Монгол туургатнууд соёлоороо нэгдлээ

Эдийн засаг сульдах үед баячууд алтанд хамгийн их хайртай болдог. Тэд одоо ч тэр, ирээдүйд ч гэсэн энэ үнэт металлд хайр зарласаар л байх болно...

 

Аюушийн Далангурав. Гэрэл зургийг Ц.Ариунболд

“NEWS” агентлаг “Элэг нэгтэн” булангийнхаа анхны зочноор Олон улсын монгол  уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирал Аюушийн Далангуравыг урилаа. Тэрбээр 2014 оноос үндэсний бичиг үсгээ сэргээн дэлгэрүүлэх зорилгын дор Өвөрмонгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Монгол Улсын уран бичээчидтэй хамтран, монгол туургатнууд босоо монгол бичиг, соёлоороо нэгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй эрхэм юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та Монголд ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Би өнгөт металь, уул уурхайн салбарын мэргэжилтэй хүн. Монгол Улсад сүүлчийн 20 гаруй жил ажиллаж, амьдрахдаа олон ажил хийсэн. Монголд хийсэн хамгийн анхны төсөл бол 1994 онд Эрдэнэтийн Уулын  баяжуулах үйлдвэрт жилийн 10 мянган тоннын хүчин чадалтай тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан. Одоо ч энэ үйлдвэр маань үйл ажиллагаа явуулсаар байна. Мөн Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” компанийг анх үүсгэн байгуулсан юм.

-Уул уурхайн салбарын мэргэжилтэн яагаад бичиг соёлтой холбогдчихов. Таныг Олон улсын монгол уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг гэж дуулсан. Анх Олон улсын монгол уран бичлэгийн холбоог хэдэн онд байгуулж байв?

-Сүүлийн жилүүдэд нас ахиад соёл урлагийн салбарыг сонирхдог болоод байна. Би өмнө нь монгол уран бичлэг сонирхогч төдий л байлаа. Тэгээд монголын хэд хэдэн уран бичээчидтэй танилцсан. Тэднээс би “Босоо монгол бичиг бол манай монгол үндэстний тулгуур бичиг соёл. Тиймээс та бүхэн Өвөрмонголын уран бичээчидтэй харилцаа холбоотой байдаг уу” гэж асуутал “Бид холбоотой байхыг хүсдэг ч харилцаа холбоо байхгүй” гэсэн. Тэгээд л бид Өвөрмонголын уран бичлэгийн нийгэмлэгтэй танилцан, Өвөрмонголын уран бүтээлчдийг Монголд урьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Бичиг соёл” үзэсгэлэнг анх 2014 онд хамтран зохион байгуулснаар тус холбоог байгуулах хамтын ажиллагааг эхлүүлсэн гэж хэлж болно. Тэр цагаас хойш Өвөрмонгол, Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг үндэстнүүдийг үзэсгэлэндээ татан оролцуулж, олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон юм.

Ийн бид гурван улс дөрвөн үндэстний хамтарсан үзэсгэлэнгээ олон улсын хэмжээнд болгохоор ярилцаж, 2016 оны аравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод Олон улсын монгол уран бичлэгийн холбоог албан ёсоор байгуулсан. Олон улсын монгол уран бичлэгийн холбоогоо байгуулсны маргааш нь аравдугаар сарын 28-нд “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, холбооны маань уран бичээчид бүтээлээрээ оролцож байлаа.

-Саяхан ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн гэж дуулсан. Энэхүү үзэсгэлэнд монгол туургатны хэчнээн уран бичээч уран бичлэгээр оролцсон бол?

-ОХУ-ын Москва хотод уран бичлэгийн музей гэж байдаг юм билээ. Дэлхий дээр уран бичлэгийн музей тун ховор. Миний мэдэж байгаагаар зөвхөн ОХУ-ын Москва хотод л байдаг. Тэрхүү музей олон улсын таван удаагийн үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд музейд Англи, Орос, Итали, Араб, Турк зэрэг дэлхийн 40 орчим орны уран бичлэг байдаг. Биднийг тус музейд очихоос өмнө монгол уран бичлэгийн төрөл тэнд байгаагүй. Тэгээд бидний зүгээс тус музейн удирдлагуудад хамтарч ажиллах санал тавьж, монгол туургатан уран бүтээлчдийнхээ бүтээлийг өгсөн. Москва хотын уран бичлэгийн музейн мэргэжилтнүүд “Монгол Улсад үндэсний бичиг соёлоо дээдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг юм байна. Манай улсад бичиг соёлоо сэргээх тал дээр дэмжлэг тааруухан байдаг” гэдгийг хэлж байсан. Тэгээд бидэнд энэ есдүгээр сарын 1-нд энэ жилийн олон улсын уран бичлэгийн зургадугаар үзэсгэлэнд оролцох хүсэлтийг тавьсан юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 60 гаруй орны 115 уран бичлэгтэн оролцсон бөгөөд манай холбооноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч Б.Оргил, М.Тал, Н.Дэгжилт, Н.Үнэнчбаатар, С.Цэнгэлбаяр болон Монгол улсаас Т.Ганбаатар, Э.Анхбаяр, Н.Баатарцог нарын уран бичээчид анх удаагаа оролцлоо.

Бид өөрсдийн хийж буй бүтээлээрээ их бахархсан. Бусад орны уран бүтээлчид монгол уран бичлэгийг маш сайхан хүлээж авсан. Жишээлбэл, Өвөрмонголын уран бичээч Б.Оргил эвхмэл монгол бичгээр оролцсон бол Казахстан улсын иргэн монгол бичигтэй төстэй, эртний ховор уран бичээсээр оролцож байсан нь сонирхол татсан. Би сонирхлоороо их сайхан замын эхлэлийг тавьсан юм уу даа гэж боддог. Гурван улсын дөрвөн үндэстний уран бүтээлчид бичиг соёлоороо нэгдэж, сэтгэл санаагаараа хамтарч байна. Цаашдаа бичиг соёлоо сэргээх ажлыг хийж, сургалт судалгааг үргэлжлүүлэхээр их ажлыг төлөвлөж байна.

-Та монгол уран бичлэгийг “Каллиграф” гэхээс илүүтэй уран бичлэг гэх нь тохиромжтой гэж байсан. Энэ хоёр үг утгын хувьд ялгаатай гэж үү?

-Миний бодлоор “Каллиграф” гэдэг нь зурагласан маягтай урлагийг хэлдэг гэж боддог. Харин уран бичлэгийн хувьд нэгдүгээрт бичиг үсгээ урнаар бичнэ. Тэрнээс биш уран зураг биш шүү дээ. Хамгийн гол нь урнаар урлаж бичсэнийг л хэлж байгаа юм. 

-Ажиглаж байхад, та өрөөний ханыг ихэвчлэн байгалийн гэрэл зургуудаар чимжээ. Та бас гэрэл зураг сонирхдог гэв үү?

-Би монголын үзэсгэлэнт газраар их аялсан. Миний хувьд ихэвчлэн байгалийн зураг авдаг. Би баруун аймгуудаар гурван  ч удаа явсан. Одоо говийн элсэрхэг нутгаар явах бодолтой байна. Энэ зун наадмын дараагаар Алтай Таван богд явж, гэрэл зураг дарсан. Би өөрийгөө маш сайн зураг авдаг гэж хэлэхгүй. Гэрэл зураг авах тусам байнга л суралцаж байдаг. Ер нь хүн байгальтайгаа ойр байх тусам сэтгэл уужирдаг юм шиг. Би 2010 онд “Хятад хүний нүдээр Монгол орон” нэртэй гэрэл зургийн альбом гаргасан. Тэр номондоо монгол улсын хөгжил, үзэсгэлэнт байгалийг харуулахыг хүссэн. Гэрэл зургийн ном маань хэвлэлтээс гараад л дуусчихсан.

-Таныг урлаг соёлын салбартай л холбоотой хүн гэж бодсон. Тэгсэн Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн “Хүндэт доктор” цолтой байх юм. Энэ шагнал Монголд анхны бордооны үйлдвэр байгуулсантай холбоотой байх тийм үү?

-Хүн байнга хүнс хэрэглэдэг. Аль ч улс оронд хүнсний аюулгүй байдал маш чухал. Монгол орны хувьд, хур бороо багатай, эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн жилүүдэд төр засгаас газар тариалангийн салбарыг анхаарч байгаа ч  хүнсний хангамжийн асуудлыг бүрэн шийдээгүй л байна. Бизнесмэн хүний хувьд ямар бизнес хийвэл ашигтай байх вэ гэж бодохосс гадна энэ улсад юу хийх хэрэгтэй байна вэ гэдгийг бодох нь чухал. Хэрвээ тухайн улс орны хориглосон зүйлийг хийвэл хэн хэндээ ашиггүй шүү дээ. Тиймээс өөрт ч ашигтай, улс оронд ч ашигтай зүйлийг хийх хэрэгтэй. Би азаар Хөдөө аж ахуйн их сургуулийн тэтгэвэрт гарсан том эрдэмтний хөрсний судалгаатай танилцсан. Тэр эрдэмтэн маань “Монгол Улсад бордооны үйлдвэр байхгүй. Манай орны хөрсөнд тарьж буй хүнсний ногоонд кали, фосфор, азот зэрэг эрдэс болон өөр төрлийн ялзмаг хэрэгтэй. Ингэснээр хүнсний ногоо илүү шим тэжээлтэй, сайн ургана. Чи бордооны үйлдвэр барихгүй юм уу” гэдэг саналыг хэлсэн.

Тэгээд л би тооцоо гаргаж, өнгөрсөн оны тавдугаар сард Монголд “Экологид ээлтэй органик-эрдэс бордоо”-ны хамтарсан үйлдвэрийг Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан. Хүмүүс сүүлийн үед “органик” гэж их ярьдаг болсон. Манай бордооны үйлдвэр азот, кали, фосфор эрдсээс гадна малын өтөг бууцыг исэлдүүлж ялзмаг хийхдээ ашигладаг. Монгол Улсад 200 мянган тонн бордооны хэрэгцээ байдаг гэсэн судалгаа бий. Харин манай үйлдвэр 3000 тоннын хүчин чадалтай. Хүмүүс ч бордоог маань сайхан хүлээж авч байгаа.

 

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж