МАН У.Хүрэлсүхийг гарсанд тооцсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

МАН У.Хүрэлсүхийг гарсанд тооцсон уу?

МАН У.Хүрэлсүхийг гарсанд тооцсон уу?

Зэрэг нэмэхийн өмнө юм юм л болж мэдэх нь. МАН өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Ерөнхий сайддаа дараагийн намын дарга болох хүнийг сонгоно гэсэн тохиролцоог аль аль нь ярьж буй.

Одоогоор Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар дараагийн Ерөнхий сайдад гол өрсөлдөгчид байна гэсэн таамаг бий гэтэл. Гэтэл…
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан “ял” У.Хүрэлсүхэд өрсөлдөгчид нь тулгаад буй. Гэтэл нөхцөл байдал тун чиг ээдрээтэй болж мэдэх нь. Хэрэвзээ үүгээр нь түүнд хариуцлага тооцно гэвэл хэн нэгэн бус дүрэм нь түүнийг намаас нь гарсанд тооцчихжээ.

Дээд шүүхээр батлуулж, Монгол Ардын намын албан ёсны сайтад байрлуулсан МАН-ын үндсэн дүрмийг нэг харъя.
Намын гишүүний эрх, үүрэгт “Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд, шууд бусаар оролцохгүй  байх” гэж заасан бөгөөд 4.2.10-т “Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд, шууд бусаар оролцохгүй  байх” гэж заажээ. Үүнийг зөрчсөн гишүүнийг сонгуульт албан тушаалд томилогдох дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана гэж тусгасан байх юм.
Гэхдээ энэ заалтууд хэтэрхий хийсвэр.

Хамгийн гол нь У.Хүрэлсүх МАН-ын гишүүн мөн үү? Үүнийг хэн нэгэн албан тушаалтнаас ч асуух хэрэг алга. Намын дүрэмд нь,

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараахь тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал  эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан.
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдсэн асуудлыг хэрэгжүүлэхэд зориуд саад хийсэн болон уг шийдвэрийн эсрэг улс төрийн өөр нам, бусад этгээдийг  шууд, шууд бус арга хэлбэрээр дэмжсэн…
гэж заажээ.

Дүрэм гарсанд тооцно гэж заасан байгаа биз. Түүнээс хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргах тухай ойлголт алга. Үүгээр У.Хүрэлсүх МАН-ын дүрэм ёсоор гишүүн нь мөн үү гэсэн асуулт гарч ирж байна.
Хэрэвзээ ил болсон утасны бичлэг зэргийг тооцвол түүнийг МАН-аас гарсанд тооцсон гэсэн үг.

Өмнө нь У.Хүрэлсүх 2008 оны сонгуулийн өмнө анхан шатны шүүхээс ял сонссон. Давж заалдах шатны шүүх хурлаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч сонгууль болоод өнгөрсөн учраас нэр дэвшиж чадаагүй.
Хувь заяаны шоглоом гэх үү, зохиосон дүрмийн золиос гэх үү энэ удаад ч дээрх шалтгаанаар түүнийг МАН-аас гарсанд тооцож болох нь.

Гэхдээ У.Хүрэлсүхийг аварч мэдэх нэг заалт дүрэмд тусгагдсан байгаа 6.8 буюу “Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно” гэсэн заалт. Гэхдээ У.Хүрэлсүх дутагдлаа хүлээн зөвшөөрвөл өөрийнх нь удирдлагуудаа балбаад буй үзэл санаанаасаа урвасан болно.
Хуулиа л дагана даа гэдэг шиг МАН-ын бага хурал дүрмээ дагавал У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвших нь байтугай намаасаа гарч таарах нь.

Харин ёс төдий цаас гэвэл… Хэрхэхийг нь хамтдаа ажиглая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж