Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум цагаан будаа тариалж, ургацаа хураан авахад бэлэн болжээ.
Тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” компани 2017 онд Орхонтуул сумын нэгдүгээр багийн нутагт туршилтын журмаар 0,7 га талбайд цагаан будаа тариалсан нь сайн ургажээ.
Туршилтын журмаар тариалсан цагаан будаанаас 1 тонн ургац хурааж авах төлөвтэй байгаа бөгөөд цагаан будааны дээжийг Улаанбаатар хотод шинжилгээнд явуулаад байгаа тухай сумын ЗДТГ-аас тодотгов.
Газар тариалангийн ууган Сангийн аж ахуйдын нэг Орхонтуул сумын тариалан эрхлэгчид улаан буудайнаас гадна цагаан будаа, мөн 20 гаруй төрлийн хүнсний ногоо тарьж, зарим компани өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоогоо “Вагро” ХХК-д нийлүүлж эхэлсэн байна. Мөн энэ жил тус сумын иргэд тарвас тариалсан нь чамгүй сайн ургажээ.
Цагаан будаа тариалсан компани 2018 онд тариалалтынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Б.ЭНХ