Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй Азийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд өнөөдөр (2017.09.24) өндөрлөнө.
Адил зургаан оноотой яваа Австрали, Вьетнам улсын багууд 12:00 цагаас Азийн АШТ-д оролцох эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийнэ. Хоёр улсын баг 2016 онд Энэтхэгт болсон Азийн 16 хүртэлх насны АШТ-ий хэсгийн шатанд таарахад Вьетнам хожиж, хасагдах шатанд шалгарч байсан.
Харин Монголын шигшээ баг 16:00 цагаас Камбож улсын багтай оноо авах, нэрийн төлөөх тоглолт хийнэ.
Багууд хэдий хэсгээс гарах эрхгүй болсон ч хожлын төлөө тоглох нь дамжиггүй. Монголын шигшээ нутагтаа зохиогдож буй тэмцээнд оноо авах зорилготой учраас хөгжөөн дэмжигч та бүхнийг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, шигшээ багаа дэмжихийг хүсье. Мөн та бүхэн тоглолтыг NTV телевиз болон mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.
Эх сурвалж: МХБХ