Өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн “Гэрэлт гудамж” ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 1-нд хаалтаа хийх гэж байна.
Зуны турш нийслэлчүүдийн амралтын өдөрт өнгө нэмсэн тус гудамж бага газрыг хамарсан ч дөрвөн сарын турш зорьж очих иргэдийн хөл тасраагүй.
Хаалтын арга хэмжээнд ёслолын буудлага, парад, хамтлаг, дуучдын тоглолт багтжээ.
Харин өнөөдөр /2017.09.24/ “Гэрэлт гудамж”-нд “Британийн соёл, боловсролын үдэш”-ийн хүрээнд “Британийн хамтлаг, дуучдын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн, Британийн их, дээд сургууль, хэлний сургалтуудын танилцуулга явагдана. “Британийн хамтлаг, дуучдын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд тэргүүлсэн оролцогч Улаанбаатар-Лондон чиглэлийн нисэх онгоцны тасалбарын эзэн болох аж.
“Гэрэлт гудамж”-ийг ирэх жил дулаармагц дахин нээх төлөвлөгөөтэй байгаа ч гэрэлтүүлэг, эзлэх зай талбайг нэмэх эсэх нь тодорхойгүй байгаа.
Г.Түшиг