Өнгөрч буй долоо хоногт улс орон болоод дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал, анхаарал татсан сэдвийг манай сэтгүүлч, орчуулагчид нийтлэл, сурвалжлагадаа хэрхэн тусгасныг багцлан хүргэж байна. Энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүд.
ДАХИАД Л НЭГ ЛУЙВАР УУ?
Итгэхэд бэрхэд итгэснээсээ болж хохирч яваа иргэд Монголд олон бий. Олноороо хохирсон сүүлийн жишээ ‘Жи Тайм’ сүлжээ. Одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн ‘Жи Тайм’-д элсэж, багагүй хэмжээний мөнгийг тус компанийн дансанд төвлөрүүлсэн байдаг. ‘Жи Тайм’-ын захирлыг баривчлах үед тус компанийн дансан дахь зургаан тэрбум төгрөгийг царцаасан тухай мэдээлэл цацагдаж байв. Мөн цөөнгүй иргэд уг сүлжээнээс хөлжсөн. Давхардсан тоогоор 2134 удаагийн урамшууллыг буцаан олгосон гэдэг нь арилжааны банкуудын мэдээллээс харагддаг. Дансны хуулгаас харахад эдгээр хүмүүсийн дотор 2-3 удаа, 4-5 удаа урамшуулал авч халаасаа түнтийлгэсэн нь цөөнгүй. Бүр 11 удаа урамшуулал хүртсэн хүн ч бий. 20 сая төгрөгийн урамшууллыг 4-5 удаа авчихсан хэр нь ‘Жи Тайм’-аас бол хохирчихлоо хэмээн ярьж яваа нь цөөнгүй. Би хамтрагч биш гээд цагдаад мэдүүлгээ өгөхгүй зугтагсад олон. Үүнээс болоод ‘Жи Тайм’-ын хэрэг бүтэн жил тойрч мэдэх нь.
Гуравхан сая монголчуудын толгойн эргүүлж, халаасыг тэмтчих санхүүгийн пирамид ‘Жи Тайм’-аар төгсгөл болох биз гэсэн итгэл талаар болж, дахиад л нэг худал амлалт, хуурамч хэрэг дэлгэрэв бололтой. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” нэртэй нэгэн сан үүд хаалгаа нээгээд 30 гаруй хүн элсүүлээд амжжээ. Иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах зорилготой гэх ашгийн бус саналыг гаргасан хүмүүс өөрсдийгөө хуульч, эдийн засагчид гэж танилцуулж байна. Тэд байртай болох хүсэлтэй ч бэлэн мөнгөний боломжгүй иргэдэд хүүгүй зээл өгч байртай болгох гэнэ. Энэ зээлд хамрагдах сонирхолтой иргэн эхлээд хоёр сая төгрөгийг тус сангийн Төрийн банкны 100900438891 тоот дансанд байршуулах юм. Дараа нь бэлэн мөнгө тушаасан баримт авчрахыг шаардаж байгаа аж. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийн захирал Э.Батсүх тус сангийн үйлчилгээнд хамгийн түрүүнд хандсан иргэн есдүгээр 20-ны дотор багтаж байртай болгоно гэдгээ амлаж байна.
НАМ БАЙГУУЛЖ, СЭМ ХУЙВАЛДСАНЫ ГОР
Засгийн газрын шинэ тэргүүнд горилогчдын нэрс хөвөрсөн өдрүүд үргэлжилж байна. Эрх баригч Монгол Ардын нам тарж бутарсан гишүүдээ нэг гарт зангидаж чадах эсэх, шинэ Ерөнхий сайдын нэрэн дээр тохирч чадах эсэх, тохирлоо гэхэд чуулганы танхимд унагахгүй авч гарч эсэх гээд дараалсан асуултын тэмдгүүд Тусгаар тогтнолын ордныг тойрон эргэлдэж байна.
МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлаа ирэх долоо хоногийн Даваа гариг буюу есдүгээр сарын 25-нд хийхээр тов тогтоосон. Энэ бага хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах юм. Өнгөрсөн Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан, энэ хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэвлэлийнхэнд мэдээлснээр Даваа гаригт болох Бага хурлын өмнө Удирдах зөвлөл нь дахин хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх аж. Намар цаг гэдэг Монголын хувьд амин чухал улирал байдаг. Хахир хатуу өвлийг хэрхэн давж туулж, уяруу цагтай эрсдэл багатай золгох нь намрын бэлтгэл ажлаас хамаардаг онцлогтой. Чухам ийм л үед Засгийн газраа огцруулж, дараагийн сүү саалийн хүн иртэл хэдэн үнээний дэлэнгээ шувтраад байж бай хэмээн үүрэгдээд арав хонолоо. МАН-ын Бага, Их хурал, залгуулаад чуулган нээгдэх хуулийн хугацаа гээд тооцвол үүрэг гүйцэтгэгч Засгийн газар өвлийн бэлтгэлээ базааж таарах нь.
ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙНХЭН ХООЛОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Энэ долоо хоногт МАН-ын улс төрийн “халуурал” дээд цэгтээ хүрнэ. Учир нь, ирэх Даваа гариг буюу есдүгээр сарын 25-ны өдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн болох, цаашлаад МАН-ыг хэн удирдах вэ гэдгийг шийдвэрлэх юм. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бага хурлын товыг зарласнаас хойш МАН доторх фракциуд хотоос гарч ээлжит тохирооны уулзалтуудаа хийсээр байгаа. Энэ уулзалтууд энэ долоо хоногт бүр ч эрчимжиж, Бага хурал дээр хэн хэнийгээ дэмжих вэ гэдгээ тохирох биз. Ерөнхий сайдын “марафон”-д өөрийгөө сойгоод эхэлсэн хүний тоо МАН-д өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Засгаа огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн У.Хүрэлсүхийг тоглоомын тойргийн гадна үлдээж, түүний гараар могой бариулсан эрхмүүд Ерөнхий сайдын суудлыг сэрүүнээрээ зүүдэлж эхэлсэн бололтой. Харин зүүний хүчнийхэн хотын фракцтай үе, үехэн уулзах болсон гэх. Тэд хуучин засгийн бүх сайд нарыг солих, олонхыг нь “давхар дээлтэй” болгож, яамдын дэд сайд, аймгийн Засаг дарга нар болон зарим агентлагийн дарга нараар “оролдохгүй” нөхцөлд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилно гэсэн аман тохироо хийжээ. Гэвч У.Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлж, багаа бүрдүүлбэл тийм ч урт настай Засгийн газар болохгүй гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан хүнд намынхан нь итгэл өгөх нь буруу гэж үзэж байгаа аж. Урвагчидтай хариуцлага тооцох ёстой байтал эрх мэдэл өгөх хэрэггүй гэж ахмад гишүүд нь М.Энхболдод зөвлөж байгаа гэсэн мэдээлэл ч байна.
НҮБ АЧ ХОЛБОГДЛОО АЛДАВ УУ?
Дэлхийн II дайны дараа олон улс эвлэлдэн нэгдэж, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд, хүний эрхийн зэрэг олон салбарт хамтран ажиллах зорилгоор байгуулсан хүчирхэг институт бол Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу НҮБ.
Олон улсын бодлого тодорхойлогчдын гол чуулган болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь удаагийн хурал есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилж байна. 193 гишүүнтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейд олон улсын төр засгийн тэргүүнүүд оролцож, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хэлэлцдэг. Гэвч энэ жил олон улсын улс төр, эдийн засгийн гол “тоглогчид” болох ОХУ, Хятад, Герман, Энэтхэг тэргүүтэй олон орны төр, засгийн тэргүүнүүд Ерөнхий Ассамблейн хурлыг өнжсөн нь анхаарал татаж байна. ОХУ нь олон улсын харилцааны асуудлаар НҮБ-д голлох байр суурь эзэлдэг боловч энэ жил ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий Ассамблейд оролцсонгүй. ОХУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын хурлыг өнжсөн нь анхных биш тул ер бусын зүйл мэт хүлээж авах хэрэггүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Түүнчлэн Мьянмар, Монгол, Мексик, Пакистан, Филиппин, Индонез улсын төр засгийн тэргүүнүүд дотоод асуудлаас шалтгаалан НҮБ-ын хуралд оролцсонгүй. Хятад, Орос холбоотнууд Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоос татгалзсан нь олон улсын улс төрийн зөрчил нэмэгдсэнийг харуулж байна.
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ: ТЕНДЕРТ ХЭН ЯЛАВ?
Хэвлэлт нь тасалдаад байсан жолооны үнэмлэхийг ирэх аравдугаар сараас хэвлэж эхлэх болсноо Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ. Нийт есөн компани жолооны үнэмлэхийн бэлдэц бэлтгэх ажлыг авахаар тендерийн шалгаруулалтад өрсөлджээ. Тэднээс хамгийн бага үнийг санал болгосон “Бэнкью тех” компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан сонгосон гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.Улам-Өрнөх тайлбарлалаа. Сонгон шалгаруулалтыг олон улсын болон үндэсний жолооны үнэмлэхийн бэлдэцийг хийх хоёр багц ажлыг хэчнээн төгрөгөөр хийх вэ гэдгийг нь гол үзүүлэлт болгожээ.
Бидний олж авсан мэдээллээр, компаниуд хоёр багц ажлыг гүйцэтгэхэд хамгийн дээд үнэ нь нэг тэрбум 516 сая төгрөг хүртэлх үнийг санал болгожээ. Доорх хүснэлтэд нэг болоод хоёр багц ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн санал юм. Тиймээс ‘Очирпресс’ компанийн ирүүлсэн 85.8 сая нь зөвхөн ганц багцийг гүйцэтгэх үнийн санал гэдгийг албаныхан анхаарууллаа.
ХУЛГАЙЧ ДҮЙВЭЭНЭЭР
Наймдугаар сараас эхлэн цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавьж эхэлсэн багш нар сануулсан ёсоороо өчигдөр ажил хаялт зарлаж, улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь ажилласангүй. Багш нар 500 мянган төгрөгийн цалин авч байхад банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин аваад зүгээр суудаг нь шударга уу?
Яг ийм “мессеж”-ийг хаях зорилготой улстөрчид санасандаа хүрч, энүүхэндээ хэлэхэд Эгшиглэн охины захиа ч энэ зорилгод ашиглагдав. Үнэндээ Төрийн банкны захирлуудын цалинг дэлгэж, багш, эмч нарынхтай харьцуулан “пий паа” болоод байгаагийн цаана хоёр их наядын активтай банкийг ердөө 300 тэрбумаар авах гэсэн улстөрчдийн “тачаал” л явж байгаа нь ойлгомжтой байна. Төрийн банкийг 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тухайн үед дампуурлаа зарласан “Зоос” банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор гүүрэн хэлбэрийн банк болгож байгуулж байжээ. Харин 2013 онд “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмч байсан Хадгаламжийн банк төлбөрийн чадварын эрсдэлд орсноор харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанкны шийдвэрээр Төрийн банкинд актив хөрөнгийг нь шилжүүлсэн байдаг.