Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодрох цаг хугацаа ойртож байна. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хуралд сойх Ерөнхий сайдын нэрийг албан ёсоор тогтоно.
Хоёроос доошгүй нэр дэвшигч Бага хуралд орж ирж, мөн нэр дэвших боломж олдоогүй нь заалнаас өрсөлдөх боломж бүрдэх тул шинэ Засгийн газрын тэргүүн хэн болохыг 330 гишүүн хагалах болж буй.
Өнгөрсөн өдрүүдэд МАН-ын фракцууд Бага хурлын гишүүдийнхээ саналыг багцлах ил, далд ажиллагааг нэлээн эрчимжүүлсэн бол нэр дэвшигчээ гутаан доромжилсон хар PR-ыг ч зогсолтгүй цацлаа, одоо ч үргэлжилсээр л байна.
Уг нь популист амлалт, хар PR хоёроос болж улсын эрх ашиг сүйрлийн ирмэгт тулж ирснийг хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль бэлэхнээ харуулсан. Гэвч эрх баригчид алдаанаасаа суралцсангүй, эрх мэдэлд л хүрч байвал биенээ хар бүлэглэлийн ч хүн болгон хувиргаж чадаж байна. Магадгүй маргааш өглөө Бага хурал эхлэхэд хэн нэгнийг мафийн удирдагч болгоод биччихсэн байвал гайхах зүйлгүй. Хэн бусдыгаа хараар будаж чадна, тэр нийгмээ шууруулж чаддаг гажиг тогтолцоо Монголд бий болоод удаж байна.
Хэрэв нийгэм хар PR, популист амлалтад автдаггүй, намууд боловсролтой, хувийн эрх ашигт хөтлөгддөггүй хүмүүсээ аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлж чаддаг байсан бол өнөөдөр 13 дахь Засгийн газрын хувь заяаны асуудал яригдахгүй. Парламентад ясны хуульч, улстөрчид нь сонгогддог, Засгийн газар ч тогтвортой ажиллаж чадна.
Харамсалтай нь, хэн ч биш нөхөд сонгогдсоны үр уршгаар МАН ч түүхэнд байгаагүй алдааны эзэн болж, одоо нам бутрах уу, нэгдэх үү гэдэг сонголтын өмнө ирлээ. Нөгөө талдаа Ерөнхий сайдаар хэнийг сонгохоос шалтгаалж, энэ улс цааш хөгжих үү, урьдын улс төрийн зовлонгоо үргэлжлүүлэх үү гэдэг шийдэгдэх болж байна.
Зөв сонголт хийж чадах эсэхийг Бага хурлын 330 гишүүн мэднэ.
Эрх биш Ерөнхий сайдын гарт ард түмний эрх ашиг бий гэдгийг ялгаж, зааглахтайгаа гэж найдъя.
Ард түмэн энэ улсыг өнөөгийн хямралаас нь гэтэлгэчих, тулхтай, туршлагатай, хэний ч нөлөөнд үл автах, боловсролтой хүнээ Ерөнхий сайдад санал болгохыг Бага хурлын гишүүдээс хүлээж байна.
Г.ХОРОЛ