Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уртын дуу, хөөмий, морин хуур, бие биелгээ зэрэг үндэсний урлагийг цөөн хэдэн уран бүтээлч гадаадад сурталчилсаар ирсэн. Харин үндэсний соёл урлагаа гадаадад сурталчлахад төр засгийн нэгдсэн бодлого дутагдаж, энэ салбарт санаа тавих цаг ирсэн тухай өчигдөр /2017.09.22/ Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Үндэсний соёл урлаг” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд санал нэгдэж байсан юм.
Соёлын өвөө эх орондоо хадгалсаар л байх уу?
Монгол Улс анх 1976 онд соёлын өдрийг ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж, гадаадад анх үзэсгэлэн гаргасан түүхтэй аж. Тэрнээс хойш 1989, 1990, 1994 онуудад Болгар, Польш, Москва хотноо олон улсын үзэсгэлэнг гаргаж байжээ. Монголын ард түмний ёс заншил, түүх, соёлыг харуулсан хамгийн том үзэсгэлэн бол “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” хэмээх үзэсгэлэн. Уг үзэсгэлэн 2005-2007 онуудад Европын таван оронд гарч, Монголын түүхийг бүрэн бүтнээр нь үзүүлж чадсан байна. Харин 2010 оноос хойш Монгол Улс олон улсын томоохон үзэсгэлэнг зохион байгуулаагүй ажээ.
‘Өнгөрсөн хугацаанд Монголын язгуур урлагийг хувь хүмүүс дэлхий нийтэд таниулж байгаа. Одоо эдгээр уран бүтээлчид нэгдсэн зохион байгуулалтад орж, хүчээ нэгтгэх ёстой. Монгол Улсаа гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд язгуур урлаг үндэсний өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангаж, төрөөс дэмжлэг үзүүлэхээр тусгасан’ талаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ярилаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Ё.Отгонбаяр “Бид Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг батлахдаа хосгүй үнэт соёлын өвийг улсын хилээр давуулж болохгүй гээд баталчихсан. Мөн Номын сангийн тухай хуульд хосгүй үнэт ховор судруудаа олон улсад таниулах “эрхгүй”-гээр хуулиа баталсан. Тиймээс бид соёлын өвөө алдчих вий гээд эх орондоо дарах бус олон улсад эргэлтэд оруулж, улам хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэдгийг хэллээ.
Ямар ч менежергүй соёл урлаг
Төсвөөс хамааралтай цөөн хэдэн урлагийн байгууллагад соёлын менежментээр мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байсаар байна. Тухайн байгууллагын менежерийн ажлыг сайн бүжигчин юм уу, жүжигчин мэргэжилтнүүд хийдэг нь нууц биш юм.
Улсын томоохон театруудад уран бүтээл хариуцсан захиралтай ч театрын менежмент хариуцсан захирал байдаггүй. Монголынхоо зах зээлд тохирсон менежментийн боловсон хүчин бэлтгэхийн тулд төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэйг ч мэргэжилтнүүд хэлж байв.
Мөн нөгөө талаас гадаадад соёл урлагийг тоглолт, үзэсгэлэнг зохион байгуулдаг монголчууд олон бий. Эдгээр хүмүүс үндэсний урлагийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэхээр төсвийн байгууллагуудад нь ямар ч эрх мэдэл байдаггүй. ‘Гадаадад монголын үндэсний соёл урлагийг сурталчилж буй язгуур урлагийн олон хамтлаг бий. Тэд 1990-ээд оноос хойш гадаад улсад соёлоо сурталчилж, таниулсаар байна. Бидний зүгээс гадаадын зах зээлд гарч, үндэсний соёл урлагаа зөв менежменттэйгээр сурталчлах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг’ тухайгаа гадаадад олон жил соёл урлагаа сурталчилж буй ‘Хан богд’ чуулгын найруулагч Н.Ганхуяг хэллээ.
Тийм учраас салбар яамны зүгээс Соёлын хуулийн өөрчлөлтийг бэлтгэж байгаа аж. Уг хуулийн өөрчлөлтөд нэгдүгээрт соёлын бүтээлч үйлвдэрлэл гэдэг ойлголтыг хуульд тусгаж, соёр урлагийг баялаг бүтээгч салбар болгох. Хоёрдугаарт соёл урлагийн салбарт эрх мэдэл олгохоор тусгасан гэдгийг салбарын дэд сайд Ё.Отгонбаяр хэлсэн юм.
А.Сүрэн