Засуулсан гутлаа 7 жилийн дараа авсан хүн бий

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Засуулсан гутлаа 7 жилийн дараа авсан хүн бий

Монголын сонгодог урлагийн илэрхийлэл болсон УДБЭТ энэ жил 50 насны босго алхаж байна.

Хүмүүсийн хэлж заншсанаар Кино үйлдвэрийн автобусны буудлын зам дагуу түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ цөөнгүй бий. Тэдний дунд “Тусчин салон” нэртэй  гутал засварын газар байдаг. Төрөөс элдвийн халамж, хайр нэхэхгүй өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа залгуулж яваа, хувийн хэвшилд ажиллаж буй олон залуусын нэг Т.Мөнхбаатар. Гутал засварын газар гэхээрээ тоос тортог болж, хамар цоргисон эхүүн үнэртэй байдаггүйг “Тусчин салон”-оор үйлчлүүлсэн тэндхийн иргэд мэднэ.

Гутлаа засуулах зуур үйлчлүүлэгч тайван тухай байх үүднээс буйдан зурагт тавьж, ханын шүүгээгээ морины сийлбэр, жижигхэн эмээлээр гоёжээ. Энэ бүгдийг Т.Мөнхбаатар өөрөө сийлсэн гэнэ. 

-Анх хэзээнээс гутал засч эхлэв?

-Намайг бага байхад манай гэрийн хажуу өрөөг гутал засдаг хятад хүн хөлсөлдөг байлаа. Тэр хүний гутал засахыг нь харж, хааяа гар хөлийн үзүүрт нь зарагдаж яваад  гутал засах дуртай болсон. Арван настайгаасаа  гутал засч эхэлсэн гэхээр одоо 23 жил болж байна.

-Та сургууль төгсөөд өөр ажил хийж байгаагүй хэрэг үү?

-Яалаа гэж дээ. Анх төмөр замд ажилд орж байсан. Гэхдээ амьдрал маань сайнгүй байсан болохоор мэргэжил эзэмшиж амжаагүй ээ.  Тэгээд энэ тэнд ажил хийж байгаад гутал засах нь миний мэргэжил юм байна гэдгээ мэдэж авсан

-Гутал засварууд татвар татаас, янз бүрийн хөлс өгдөг үү?

-Аж ахуйн нэгж гэж явдаг болохоор харьцангуй бага татвар төлдөг. Гэрэл цахилгааны  мөнгө зундаа  80 мянган төгрөг,   өвөлдөө 200 орчим мянган төгрөг төлнө. Цахилгаан тень залгана, өвөлдөө гайгүй дулаахан байдаг.

-Өдөрт  хэдэн цаг ажилладаг вэ?

-Өглөө 07.00 цагаас үүдээ нээнэ. Орой 19.00 цагаас хаана даа.  Өглөө эрт онгойхоор хүмүүс ажилдаа явахдаа гутлаа янзлуулахаар орж ирнэ, зарим нь янзалж дуустал  хүлээнэ. Үйлчлүүлэгч нарынхаа төлөө, бас орлогынхоо төлөө өглөө эрт онгойдог.

-Танайх  үйлчлүүлэгч сайтай харагддаг. Өдөрт дунджаар хэчнээн төгрөг олдог вэ?

-Муу гуталчнаар хүн нэг удаа л үйлчлүүлнэ. Гутлыг нь сайн засаад өгчихвөл хүмүүс байнга ирдэг болно. Манайх үйлчлүүлэгч сайтай. Хамгийн багадаа  өдөрт 10 гаруй  хүний гутал засна. Орлого сайтай өдөр 50 юм уу,  60-аад хүний гутал янзална. Дийлэнх нь өмсөж ирээд янзлуулаад явдаг. Засах материал, хийх ажиллагаанаас  шалтгаалан үнэ тариф нь янз бүр. Ямар ч гэсэн бусдаас мөнгө нэхээд, гуйгаад суулгүй сайхан л амьдарч байна.

-Гутал засварын материалаа хаанаас  авдаг вэ?

-Засварынхаа  материалыг “Нарантуул” захаас эсвэл “Урт цагаан”-аас голчлон авдаг. Хааяа Хятад руу явж авах нь ч бий. Орлого сайн болохоор материал их шаардагддаг. Чанаргүй муу  гутлыг олон дахин янзлуулаад ч нэмэргүй шүү дээ. Тиймээс чанаргүй олон гутал авснаас чанартай ганц гутал аваад өмссөн нь дээр.

-Та ганцаараа  ажилладаг юм уу ?

-Зундаа ганцаараа ажиллана, өвөлдөө туслах ажилчин авдаг.

– Хүндрэл бэрхшээл юу гарч байна?

-Албан ёсны газрын зөвшөөрөлтэй болохоор хөөж туух асуудал гарахгүй ээ. Харин энэ жил газрын зөвшөөрлийг маань  сунгаж өгсөнгүй. Нэг хэсэг баахан ТҮЦ  ачаад бөөн хэл ам болоод байсан. Тэрнээс хойш  газрын сунгалт хийхгүй гээд сунгахгүй байх юм. Ер нь манай төр засаг биднийг дэмжихдээ их муу шүү дээ. ТҮЦ-үүдийг хавчаад л.Төвөгтэй л байдаг юм.

-Танай гутал засвар их цэвэрхэн юм. Засвар хийсэн юм уу ?

-Гутал засвар гэхээр тухгүй муухай байх албагүй шүү дээ. 2015 онд цаанаас нь ТҮЦ-үүдийн өнгө үзэмжийг  сайжруул гээд тэр үед  ажлын байр, тоног төхөөрөмжөө арав гаруй сая төгрөгөөр шинэчилсэн. Гутлаа янзлуулах зуур хүлээгээд суух буйдантай, үзэх зурагттай байлгаж, үйлчлүүлэгч нарынхаа тав тухыг бодож  засвар хийсэн дээ.  

-Үйлчлүүлэгчдээс чинь  янзлуулсан гутлаа мартах ч юм уу, мөнгөө  өгөхгүй зугтах  тохиолдол гарч байв уу?

Янзлуулсан гутлаа мартсан тохиолдол бол байгаа шүү. Надад нэг хүн гутлаа засуулахаар өгөөд долоон жил болсон. Тэгээд  долоон жилийн дараа надаас гутлаа асууж ирэхэд  нь би хадгалаад байж л байсан. Би чинь олон жил гутал янзалсан хүн болохоор үнэтэй гутал гэдгийг нь хараад л таньсан.  Үнэтэй гутал болохоор эзэн нь ирж авахыг нь мэдэж байсан. Нөгөө ах  маань  гутлаа мартаад гадаад руу яваад, тэндээ  амьдарч байгаад ирсэн юм билээ.

Дараа нь ирж гутлаа асуугаад авахдаа надад  500 мянган төгрөг өгсөн. 2012 оны   500 мянган төгрөг чинь их мөнгө шүү дээ. Янзлуулахаар өгсөн гутал нь  гурван сая 500 мянган төгрөгийн үнэтэй брендийн гутал гэж тэр ах хэлсэн. Уг нь тэр гутлын өсгийг нь л сольсон. Тухайн үед 15000 төгрөгөөр л янзалсан санагдана. Гутлыг нь долоон жил үнэнчээр хадгалсныхаа  төлөө 500 мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Их сайхан санагдаж байсан шүү.

-Гутал засварчид ажлын хортой нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Эмнэлгээр хэр үзүүлж байна вэ ?

-Ерөнхийдөө бие дийлэхээ больж байна даа. Толгой тархи өвдөөд… Гутал засварладаг хүмүүсийн ихэнх нь хороо тайлна гэд архи уудаг, гэвч би тэгдэггүй ээ. Одоо таван жил ажиллаад болино гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол бие өвддөг болсон. Адаглаад л гутал будлаа гэхэд  химийн бодист нь  өөрөө хордоно. /улаан түрийтэй гутлыг хар будгаар будсан гутал руу заалаа/  Эмнэлгээр яваад яах вэ дээ. Хориод жил хортой нөхцөлд ажилласан болохоор ойлгомжтой,  миний дотор эрхтэн  муу л байгаа байх гэлээ.

Ийнхүү ярьж байх хооронд Т.Мөнхбаатар дөрвөн  гутал янзлаад дууссан юм. Тэр хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, архи ууж амьдралаа алдаагүй. Гагцхүү амьдрахын тулд, амьдралаа авч явахын тулд хичээж байна. Хүнд тусалсны хариуд, хэдэн төгрөг олдог эвэршсэн, будаг болсон түүний гараас жинхэнэ хөдөлмөр үнэртэх шиг. “Халтар гар хамгийн шударга аргаар мөнгө олдог”   гэдэг үг өөрийн эрхгүй энэхүү сурвалжлагатай маань утга дүйцэх мэт.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж