Аймшгийн зохиолын хаан Стивен Кингийн 1986 онд бичсэн “IT” /Тэр/ зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл өдгөө кино ертөнцийн дуулиант сэдэв болж байна.
Есдүгээр сарын 5-нд Лос-Анжелес хотод нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ 8-наас гарч эхэлсэн аймшгийн түүх нээлтээ хийсэн даруйдаа л амралтын өдрүүдээр 123 сая ам.долларын ашиг олж, зардлаа гурав нугалжээ. Дэлхийн 4103 театрт нэгэн зэрэг гарч эхэлснээр, бас нээлтийн үеийн ашиг орлогоор аймшгийн төрөл жанрын киноны хувьд рекорд эвджээ.
35 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэ кино өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн кино театруудаас нийт 404.3 сая ам.долларын орлого олоод байна.
Киноны найруулагч нь Андрес Мускетти гэх аргентин эр. Дөрвөн жилийн өмнө “Мама” нэртэй аймшгийн кино бүтээсэн нь чамгүй амжилт олсон түүний ердөө хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл нь “Тэр” юм.
“Тэр” кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Жүжиглэлт, найруулга, зураг авалт, хөгжим гээд бүгдийг нь л магтаж байна. Бас Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн кинонуудаас хамгийн сайн нь болсон ч гэх магтаал гарав. Эх зохиолыг нь бичсэн “аймшгийн хаан” Стивен Кинг ч өөрөө киноны нэг хэсгээс үхтлээ айсан гэдгээ хэлсэн юм. Хорвоогийн хамгийн хорон үгтэй шүүмжлэгч нарын чуулган гэгддэг Rotten Tomatoes дээр “Тэр” кино 7.2/10 гэсэн рейтингтэй явна.
Эсрэгээрээ аймшгийн кино болгонд л гардаг нурж унах шахсан, зэвхий даасан хуучин байшин, дотор зэвүүцэм угаалгын өрөөнөөс өөрийг сэтгэж чадсангүй гэх шүүмжлэл ч дагалдаж байна. Дээр нь бас алиалагч гэдэг аймшгийн киноны хувьд цоо шинэ сэдэв бол биш.
Эх зохиолоосоо ялгаатай нь “Тэр” киноны үйл явдал 1980-аад онд, АНУ-ын Мэн мужийн Дерри гэх жижиг хотод өрнөнө. Хотын багачуудад элдэв таагүй зүйлс тохиолдож, ээлж дараалан ор сураггүй алга болдог. Гэтэл тэд 27 жилийн давтамжтайгаар муу муухай зүйлс тохиож байгаа, тэдгээр нь бүгд хуучирч өмхөрсөн байшингийн зоорь доторх худагтай холбоотой болохыг олж мэднэ. Хэргийн эзнийг олж, аймшигт явдлыг зогсоохоор дүүгээ алдсан Билл өөртөө амладаг…
Киноны айдас, жихүүдэс бүгд АЛИАЛАГЧ-тай холбоотой. Пеннивайс нэртэй алиалагч үзэгчдэд тэрхэн зуурын айдас биш, хэсэг хугацаанд бодлоос гарахгүй сэтгэл зүйн дайралт болсон гэж үзэгчид хэлж байна.
“Тэр” киног хэсэг бүлэг хүмүүс хурцаар шүүмжилж, эсэргүүцэж байгаа. Тэд бол АЛИАЛАГЧ нар. Пеннивайсаас ялгаатай нь бодит амьдрал дээр хүүхдийн төрсөн өдрийн баярт уригдаж, хүүхэд баярлуулдаг алиалагч, циркийн манежнаас бусдыг инээлгэдэг алиалагч юм.
Хүүхэд хөнөөдөг, жигшмээр дүр төрхтэй, хараад л биеийн шар үс босмоор хэрцгий алиалагчийн тухай кино дэлгэцнээ гарахаас ч өмнө Дэлхийн алиалагч нарын холбоо таагүй хандаж байсан юм. Алиалагчийн тухай хүүхэд төдийгүй томчуудын санаа бодолд нөлөөлж, улмаар ажилд нь сөрөг нөлөө үзүүлж мэднэ гэж тэд эмээжээ.
Кино гарч эхлээд долоо хоноход л зарим алиалагч нар ажил олдоход хэцүү болсон тухай гомдоллож эхэлсэн юм. Английн Дарлингтон хотын алиалагч Томми Бангл гэгч эр захиалга хэдийн гурав дахин буурсан тухай ярьжээ. АНУ-д, Англид, Европын бусад орнуудад ч алиалагч нар эсэргүүцлээ илэрхийлж, гудамжинд цугласан, хэвлэлд хандсан тохиолдол гарав.
Шашны үзэл суртал, дэглэмийн ялгаа зэргээс хамаараад зарим улс оронд аль нэг кино гаргахыг хориглосон тохиолдол байдаг. Киноны төрөл жанр, сэдэв санаа, өгүүлэмж, дээр нь харгис хэрцгий, хэт задгай, ёс бус зүйл агуулсан гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Гэхдээ алиалагчийн нэр хүндийг унагаж байна гэх шалтгаанаар хориглосон тохиолдол одоохондоо бол хаана ч байхгүй.
Киноны уран бүтээлчид ч “Тэр” киноны хоёрдугаар анги гарна гэдгийг хэдийн мэдэгдээд байгаа. Пеннивайс алиалагч 2019 онд дахин үзэгчидтэй уулзана.
Алиалагчаас илүү хөгжилтэй биш, эсвэл алиалагчаас илүү аймшигтай биш зүйл юу байж болох вэ?
С.ЦЭЛМЭГ