Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөж буй Камбож, Австрали улсын багууд өнөөдөр 12:00 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ.
Австралийн баг манай шигшээтэй хийсэн гарааны бүрэлдэхүүнээс таван тоглогч сольсон нь тоглолтод ихээхэн нөлөөлөв. Тодруулбал эхний хагаст багууд гоолгүй тэнцэж, хоёрдугаар үеийн хагас хүртэл эн тэнцүү сонирхолтой тоглолтыг үзүүллээ. Гэвч 73 дахь минутад Камбожийн багийн хамгаалагч торгуулийн талбайдаа алдаа гаргаж, Австралийн багаас Биркан Кирдар тэрхүү боломжийг ашигласнаар тоглолтын дүр зураг бүхэлдээ өөрчлөгдсөн. Үлдсэн хугацаанд Таясон Савас /83’/, Ноа Ботич /86’/, Камерон Пупион /93’/ нар гоол оруулж, үндсэн цаг 0:5-ээр Австралийн багийн хожлоор өндөрлөлөө. Австрали хэсгийн хоёр дахь хожлоо авсан бол тэдний араас нэхэх зорилготой Монгол, Вьетнамын шигшээ багууд 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Эх сурвалж: МХБХ