ОХУ-ын армийн цэргүүдийн дүрэмт хувцсыг Лего угсардаг тоглоомын бүтэцтэй ижил байдлаар хийхээр болжээ. Оросын Батлан хамгаалах яамны захиалгаар дайн тулааны үед хэрэглэх цэргүүдийн хувцсыг шинэчлэхээр болсон байна. “Ратник-3” гэж нэрлэсэн шинэ загварын хувцсыг 2017 оны сүүлчээр албан ёсоор танилцуулах аж.
“Бид Лего тоглоомоос санаа авсан. Цэргийн ажиллагааны нөхцөл, шаардлагаас шалтгаалж хөрвөх боломжтой гэсэн үг. Тулалдааны үед цэргүүд эвтэйхэн дүрэмт хувцастай байх нь хамгийн чухал” гэж Оросын Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн ахлах зохион бүтээгч Олег Фаустов ярьжээ.
Үндсэн дүрэмт хувцас дээр 60-70 төрлийн нэмэлт хэрэгсэл угсрах боломжтой. Зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж гээд цэрэг болгон дээр гүйцэтгэх даалгавраас нь шалтгаалаад өөр өөр тохируулж бас болох гэнэ.
Энэ нь одоо ОХУ-ын армийн цэргүүдийн хэрэглэдэг Ратник өмсгөлийг шинэчлэн сайжруулж буй гурав дахь хувилбар нь болох юм. Хамгаалалтын дуулга, дайсныг ялган таних систем, бай онилох систем, байршил тогтоох болон харилцаа холбооны систем, баллистик зэвсгийн сайжруулсан хамгаалалтын элемент, өндөр хамгаалалттай гутал, галт зэвсэг болон гранат систем гээд техник, технологийн дэвшилд суурилсан олон давуу талтай, дээр нь хөдөлгөөний хурдыг сааруулахгүй, 100 кг хүртэлх ачаа тээвэрлэж явах боломжийг олгох ажээ.
Түүнчлэн дуулганд тухайн цэргийн физиологийн ерөнхий байдлыг тогтоох систем суурилуулсан, байлдааны үеийн горимыг идэвхжүүлснээр цаг агаарын нөхцөлд тааруулан хувирах функцтэй, тиймээс -50 хэмээх +50 хэм хүртэл цаг агаарын хүнд нөхцөлд цэргүүд халуун, хүйтнийг ажрахгүй гэнэ. Шархадсан бол анхан шатны тусламж үзүүлэх системтэй. Мөн цацраг туяа, цахилгаан соронзон туяа, химийн болон бактерилогийн эсрэг хамгаалалттай байх гэнэ.
Одоогоор туршилтын шатанд яваа энэ дүрэмт хувцсыг гэхдээ 15 жилийн дараа л нэгдсэн журмаар зэвсэглэлд нэвтрүүлэх боломжтой гэж албаны хүн мэдээлжээ.
С.ЦЭЛМЭГ