Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн албан хаагчийн тангараг өргөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчид өнөөдөр тангарагаа өргөлөө. Тодруулбал, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Монгол улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын дарга Л. Дашрэнцэн, Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч. Гантуяа, Харьяатын газрын мэргэжилтэн Н. Халиун, Албадан гаргах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Л. Орхонсэлэнгэ нар төрийн сүлдэндээ ёсолж, тангарагаа өргөлөө.
Ёслолын ажиллагааны үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захилаа.
Эх сурвалж: ГИХГ