L’Oreal хэмээх гоо сайхны гүрний “хатан хаан” Лилиан Беттанкур 94 насандаа таалал төгсчээ. Forbes сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард түүний хөрөнгийг 39.5 тэрбум ам.доллар хэмээн дүгнэж, ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙ-гээр нэрлэсэн юм.
Беттанкурын охин Франсуа Францын хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “ээж минь лхагва гаригийн шөнө гэртээ амар тайвнаар амьсгал хураасан” гэжээ.
Лилиан Беттанкурын эцэг Южин Шуллер 1909 онд L’Oreal группийг үүсгэн байгуулсан юм. Химич мэргэжилтэй тэрээр үсний будаг зохион бүтээж, албан ёсоор патентжуулж авснаар хожим дэлхийг хэрсэн гоо сайхны гүрний эхлэлийг тавьжээ. 1957 онд нас барахынхаа өмнө тэрээр L’Oreal группт эзэмшдэг хувьцаагаа охиндоо гэрээслүүлэн үлдээсэн байдаг.
Лилиан Беттанкур группийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд өөрийн ач хүү, 25 настай Жон-Виктор Мейерст ажлаа хүлээлгэн өгчээ. L’Oreal группийн эзэмшилд Maybelline, Lancome, Kiehls гээд гоо сайхны хэд хэдэн брэнд харьяалагддаг.
Беттанкур баян чинээлэг амьдралд өсөж торнисон боловч амьдралд нь хар бараан сүүдэр дагуулсан зүйлс ч бас байжээ. Түүний эцэг Шуллер нацист үзлийг хөхиүлэн дэмжигч байсан бөгөөд Герман дахь еврейчүүдийн хөрөнгийг хурааж, хөлжиж явсан нэгэн гэгддэг.
Лилиан 1950 онд Андре Беттанкуртай гэрлэсэн. Түүний нөхөр Францын засгийн газарт ажиллаж байсан, мөн л еврейн эсрэг үзэлтэн байжээ. Тиймдээ ч Лилиан Беттанкурын талаар Time сэтгүүл нэгэн нийтлэлдээ
“Хатагтай Беттанкур амьдралынхаа дийлэнх хугацааг сүүдэрт өнгөрүүлсэн. Дэлхийн II дайны өмнө болон дайны жилүүдэд эцгийнхээ, бас нөхрийнхөө еврейчүүдийн эсрэг үйлдсэн гэм нүглээс ангижрах гэж хичээж ирсэн”
хэмээн бичиж байв.
Беттанкур мөн хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог байжээ. Боловсрол, музей болон анагаах ухааны судалгааны ажилд сая сая ам.доллар хандивласан тохиолдол олон бий. Гэхдээ L’Oreal группийн эзний хувиар хангалтгүй ажиллаж, эцгийнхээ өвлүүлсэн бизнесийг үргэлжлүүлэх тал дээр идэвхгүй байсан гэгддэг.
С.ЦЭЛМЭГ