Монголын үндэсний олимпийн хороо наймдугаар сараас эхлэн тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс тодорлоо.
Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн, олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн, ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр наймдугаар сарын шилдэг тамирчин боллоо.
‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн, дүн гарсан нь энэ юм.
Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо явагдаж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүлсэн сайхан мэдээ ирэв. МҮОХ-оос шилдгээр тодорсон тамирчид уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаа дуусган эх орондоо хүрэлцэн ирэх үед шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.
Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтад нэр дэвшигчдийн нар аравдугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн аравдугаар сарын гурав дахь долоо хоногт дуусч, шилдэг тамирчны нэр тодрох учиртай.
Б.ЭНХ