Монгол Улсаас ХБНГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат өчигдөр (2017.09.20) ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбатыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа ХБНГУ-ын ерөнхийлөгч түүнийг ганцаарчлан хүлээн авч уулзжээ. Элчин сайд Д.Ганбат уулзалтын үеэр хоёр улсын хоорондох уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмол явуулж байгаа нь хоёр орны хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ.
ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерыг 2014 онд Гадаад харилцааны сайд байхдаа Монгол Улсад хийсэн айлчлалынх нь үеэр түүнд бэлэглэсэн зургийг өөрт нь гардуулж, Холбооны ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад айлчлахыг урьсныг ноён ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер талархан хүлээн авчээ.
Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбатыг итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Германы талаас тус улсын Гадаад харилцааны сайд Маркус Эдерер, Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон улсын харилцааны хэлтсийн дарга Томас Баггер, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Азийн хэлтсийн дарга Др. Клаус Вийтце болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, элчин сайдын гэр бүлийнхэн байлцжээ.
Н.ЭНХТУЯА