Дараагийн Засгийн газарт үлдээх ачаа

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Дараагийн Засгийн газарт үлдээх ачаа

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-д элсэх шийдвэрийг уржигдар гар­гасан.

Мэргэжлийн Засгийн газрын дараагийн танхимдаа үлдээх ачаа багш нарын цалин болж буух нь дамжиггүй боллоо. Хэд хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас багш нарт хандан 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс боловсролын салбарт ажиллагсдын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэх боломжийг судалж байна гэдэг хариуг илгээсэн. 

Үнэндээ бол Олон улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрөөр 2018 оныг дуустал цалин, тэтгэвэр нэмэхгүй байх үүргийг Засгийн газар хүлээсэн. УИХ ч гар өргөн дэмжсэн. Шинээр бүрдэх Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 750 сая ам.долларыг татъя гэвэл дээрх үүргийг биелүүлэхээс аргагүй. Энэ тохиолдолд багшийн цалинг 1.6 сая төгрөгт хүргэх нь битгий хэл 30 хувиар нэмэх ч боломжгүй. Гэрээгээ зөрчвөл санхүүжилт олгогдохгүй болж, хөтөлбөр цуцлагдах эрсдэл бий. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын хэлснээр бол багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэе гэвэл 1.1 их наяд орчим санхүүжилт шаардлагатай. Гэтэл улсын төсвийн алдагдал хэд билээ. Сүүлийн хэдэн жил дараалан хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдалтай төсөв батлагдах болсон. Өнөө жил дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ өссөнөөр төсвийн орлого төлөвлөснөөс давж биелж, алдагдлын тодорхой хувийг нөхөж байгаа болохоос биш багш нарын хэлсэнчлэн төсвийн орлогыг зөвхөн боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэхэд зарцуулах боломжгүй. 

Ядуу орны зовлон мундах биш, хэдэн жилээр хуримтлагдсан шүүхийн шийдвэртэй холбоотой өр зээлээ дарахаас эхлээд, гадаад зах зээлд босгосон бондын төлбөрийг хийх зэрэг хоолойд тулсан олон өр бий. Огцорсон Засгийн газар энэ зовлонг хамгийн сайн мэдэж буй ч шахалт шаардлагаас нь болов уу, зарим нэг бодитой шалтгаануудад бууж өгөв үү, багш нарын цалинг 30 хувиар нэмэх боломжийг эрэлхийлж байна гэсэн хариу тайлбар хийснээрээ дараагийн Засгийн газрыг хорлосон хэрэг болж хувирч мэдэхээр байна. Учир нь, шинэ Засгийн газар багшийн цалинг нэмбэл ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоохоос аргагүй болно. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж үзвэл багш нарын цалинг одоогийн төвшинд нь барихаас өөр сонголт үгүй. 

Эдийн засагчид багш нарын шаардсан хэмжээгээр цалинг өсгөх эдийн засгийн чадавх байхгүй гэдгийг нэгэнтээ мэдэгдсэн. Жил бүр УИХ-аар улсын төсөв батлагдахад хамгийн том бялуу хүртдэг нь боловсролын салбар. Долоон их наяд төгрөгийн төсөв батлахад 1 их наяд гаруй нь тус салбарт хуваарилагддаг. Ихэнх нь зөвхөн цалин, урсгал зардлыг санхүүжүүлэхэд шингэдэг. 

Хэрэв цалинг нь шаардсан хэмжээгээр нэмнэ гэвэл улсын төсвийн алдагдлын хэмжээ 3 их наядын босго давна. Эргээд бусад салбарынхан цалингаа өсгөхийн төлөө багш нарын нэгэн адил жагсаж цуглаж, ажил хаяхыг ч үгүйсгэхгүй аргагүй. Цалин нэмүүлэх давалгааг эмч нар залгамжилж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа. 

Тэгэхээр Мэргэжлийн Засгийн газрын дараагийн танхимдаа өвлүүлэх гэрийн даалгавар цалин боллоо. Концессоос болж Ж.Эрдэнэбатын танхим унасан бол цалингаас болж, шинэ Засаг огцорчихгүй байгаа. 

Цалин нэмүүлэх түр хорооны зүгээс “Багшийн сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхгүй бол шинээр байгуулагдах Засгийн газрыг ч огцруулах болно” гэдэг мэдэгдлийг хэдийнэ хийгээд амжсан. Хэдийгээр багш нарт Засгийн газрыг огцруулах кноп байхгүй ч тэднээр турхируулаад популизм хийх улстөрчид бол захаас аван гарч ирнэ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж