Б.Цогтгэрэл: Дэлхийн бүх улс дэд сайдтай

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл: Дэлхийн бүх улс дэд сайдтай

Туркийн эрх баригчид Сирид дайн зарлахгүй. Сирийн нутагт хийсэн цохилт нь Дамаскийн дэглэмд өгсөн сануулга гэж Анкара мэдэгдэв.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зам тээврийн салбарын ямар ажил дээр та төвлөрөн анхаарч байна вэ?

-УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, салбарын сайд нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 34 ажлын хэсэг ахлаад ажиллаж байна. Манай салбарт 9, 10 жил гацсан төслүүд бий. Тэдгээр төслийг хөдөлгөх чиглэлээр ажиллаж байна. Жишээ нь, шинэ төмөр замын асуудал, салбарын хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажил, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, баруун бүсийн замын төсөл гэх мэт. Зам тээврийн салбар бол хамгийн том булиа салбарын нэг. 

-Саяхан Ш.Абэгийн тусгай элч Монгол Улсад айлчлахдаа Хөшигийн хөдийн нисэх онгоцны буудал дээр манай талын хариуцаж байгаа ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг хүссэн. Түүний байр суурийг сонсоход манай тал цаг алдаж байгаа мэт санагдлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр Монголын талаас кэйтринг, карго, оффис гэх мэт барилга барих үүрэг хүлээж байна. Манай сонгон шалгаруулалтад орсон барилгын компаниуд бие биенээ шүүхэд өгсөн, маргалдсан, шүүхийн процесс дуусаагүй гэх мэт асуудлаас үүдэж цаг алдсан байдаг. Гэсэн ч төлөвлөгөөт хугацаанаас гажсан зүйл байхгүй, ажил дуусах шатанд явж байна. Нисэх онгоцны буудал хүртэл хурдны зам тавина. Тэр дагуух газар чөлөөлөлтөөс үүдэж төлөвлөгөөт хугацааг нэлээн хэд хоног хойшлуулсан. Бүтээн байгуулалтаа хийгээд, тог цахилгаан татчихсан байсан учраас ярьж тохирох, зохицох ажил байсан. Зарим иргэд газраа чөлөөлөхгүй, трассаа өөрчил гэсэн өгүүлэл тавьж байгаа. Үүнээс үүдээд хугацаа алдсан явдал бий. Гэхдээ газар чөлөөлөлтийг саяхнаас үрэн дуусгалаа. 

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдах үед дэд сайдын орон тоотой холбоотой шүүмжлэл нилээд өрнөсөн. МАН-ынхан сонгуулиар идэвхтэй ажилласан гишүүддээ дэд сайдын суудал бэлэглэсэн гэж яригдаад байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 

-Дэд сайдын цалинг хасаад ч дорвитой хэмнэлт болохгүй. Жишээ нь, миний сарын цалин 862 мянган төгрөг байдаг. Надад туслах, жолооч хоёр л байдаг. Туслах маань сарын 500 мянган төгрөгийн цалинтай, гэрээт ажилтан. Жолооч болон машин бензинийг яамнаас авдаггүй. Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны орлогч дарга тул Улаанбаатар төмөр замаас машин унадаг. Машин, жолоочийн зардлыг ерөнхий хорооноос гаргадаг гэхэд болно. Ер нь ихэнх дэд сайд надтай адилхан байх. 13 дэд сайдын жилийн цалин дунджаар 100 гаруй сая төгрөг болно. Гэтэл бид 100 сая төгрөгөөс илүү хөрөнгө оруулалтыг Монголдоо хийж байгаа. Би зөвхөн өөрийнхөө жишээн дээр ярихад Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх түүхий нефтийн гэрээ хийсэн байна. Ингэснээр их хэмжээний хатуу валют Монгол Улсад орж ирнэ. Өнгөрсөн онд 167 чингэлгийн буухиа галт тэрэг Улаанбаатар төмөр замаар явсан бол 2017 оны найман сарын байдлаар 306 галт тэрэг яваад байна. Энэ бүхнийг бий болгохын тулд зогсоо чөлөөгүй ажилладаг. Монгол Улсын хатуу валютын нөөцийг нэмэгдүүлж, тогтмол мөнгөний урсгал нээж өгч байгаад Сангийн сайд Б.Чойжилсүрэн надад биечлэн баяр хүргэж байсан. Улаанбаатар төмөр замын ажилчдын цалинг энэ онд 10 хувиар нэмсэн гээд тоочвол хийсэн ажил цөөнгүй бий. 

-Хамтарсан Засгийн газар байгуулсан намууд бие биедээ хяналт тавихын тулд дэд сайд томилдог байсан. Харин одоо МАН дангаараа Засгийн газар бүрдүүлж байхад дэд сайд хэрэггүй гэж үзэх нэгэн байна. 

-Социализмын үед ч орлогч сайд гэж байсан. Тухайн үед сөрөг хүчин гэж байгаагүй шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан П.Жасрай, Д.Бямбасүрэн, Уул уурхайн дэд сайд Ч.Хурц, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар бүгд дэд сайдаар ажиллаж байсан. Ардчилсан намаас ч чадалтай дэд сайд томилогдож байсан. Одоо бол дэлхийн бүх улс дэд сайдтай. “Дэлхийд ганцаараа Монгол Улс дэд сайдгүй баймаар байна. Чи яв” гэвэл би яваад л өгнө. Үер ус, цас зуд, өвчин тахал, гамшиг осол, хамаг хар бор ажилд энэ муу хэдэн дэд сайд явдаг. Бүтээн байгуулалтын улиралд ажлаа амжуулаад авахын тулд нэг сарын 20 хоногт нь хөдөө ажлаар явдаг. Би одоо болтол амралтаа аваагүй л байна. Төд удалгүй цас, зуд, зам даваа хаагдахад ажил удирдан зохион байгуулах, нээх чөлөөлөхөөс эхлээд бүхий л асуудалд заавал дэд сайд очно. 

Одоо манай Ж.Сауле сайд бол мялзан, шүлхий, газар тариалан, хадлан, тариа гээд Монголын 21 аймгаа тойроод явж байна. Биднийг халуун цэг дээр ажиллаж байхад сайд нар энд хурал чуулган, зочид төлөөлөгчидтэй уулзах, гэрээ хэлэлцээр хийх түм буман ажилтай байдаг. ОХУ-аар жишээ татахад Зам тээврийн яам нь долоон дэд сайдтай. Тухайлбал, төмөр зам хариуцсан дэд сайд, агаарын тээвэр, авто зам, авто тээвэр, далай загас агнуур, тэргүүн дэд сайд, нарийн бичгийн дарга дэд сайд ажилладаг. Би ОХУ-д очихдоо заавал 3-4 дэд сайдтай уулзалт хийдэг. Харин БНХАУ-ын Зам тээврийн яам таван дэд сайдтай. Японд 10 гаруй, Солонгост хоёр байна. 

Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Тарифын хэлэлцээрийг үзэглээд ирлээ. Энэ гэрээг 2008 оноос хойш ярьсан байдаг. Энэ хэлэлцээрийн дараа дахиад тоо бодох хэрэгтэй. Бид ганцхан нүүрс тойрч хэрэлдээд байна. Гэтэл Монголоос төмрийн хүдэр, Олон овоогийн нүүрс, Дарханы төмрийн хүдэр гэхчилэн олон төрлийн ачаа тээвэрлэдэг. Эдгээрийг Европ руу болон Хятадын зургаан боомтод хүргэх талаар ахиад нэг тооцоо хийгээд үзээч гэж хэлмээр байна. Тооцоо хийгээгүй байж 10 жилийн өмнөх тарифын үнэ яриад хэрэлдээд байхаар инээдтэй санагддаг. Тариф асар их хямдарсан. Үүгээр монголчуудын олон жилийн мөрөөдөл биелнэ. 

Монгол Улс жижиг, төсөв мөнгөний боломжгүй ч гэсэн ажлын түвшний бүх нарийн ширийн асуудалд дэд сайд яриа хэлэлцээр хийдэг. ОХУ, БНХАУ-тай хамтарч ажиллана гэж байгаа бол төрийн байгуулалтын бүтэц нь энэ хоёр улс руу дөхсөн байх ёстой. Манай сайд нар ганцаараа очоод хоёр улсын дэд сайд нартай уулзаад, гэрээ хэлэлцээр хийнэ гэдэг хэцүү. Цаг хугацаа давчуу, ажлын ачаалал их байна. УИХ, байнгын хорооны гишүүний үндсэн үүрэг, тойргийн асуудал, Засгийн газрын ажил гэх мэт олон ажил ундарч байна. 

-Таныг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн захирал томилох асуудлаар ОХУ-д очих үед нэг шийдвэрээсээ эргэж буцсан, дипломат харилцаанд суралцаагүй гэх мэт шүүмжлэл гарч байсан. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Энэ бол томилогдож чадаагүй хүмүүсийн гаргасан хов байна. Тухайн үед ОХУ-аас өөрийн хүнээ томилох гэж хичээсэн. Би Монголоосоо томилох гэж хичээсэн. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар монгол хүн ажиллаж байна. Хэрэв тухайн үед ОХУ-тай харилцан ойлголцож чадаагүй бол монгол дарга томилохгүй байх. Гэтэл 8,9 жил дипломат харилцаанд суралцсан хүмүүс нь Тарифын хэлэлцээрийг үзэглэж чадаагүй шүү дээ. Аль ч засаг төрийн үед хэн ч чадаагүй. Би өөрийгөө магтах гэсэнгүй. Хийсэн ажлаа үнэнээр нь тайлбарлаж байна. 

-Дэд сайд Б.Цогтгэрэл өөрийгөө сошиалаар рекламддаг гэсэн шүүмжлэлийгта хүлээн авах уу?

-Би анх дэд сайдын өрсөлдөөнд орохдоо нээлттэй, ил тод, түргэн шуурхай байлгахын төлөө хичээж ажиллана гэдгээ амласан. Өмнө нь М.Зоригт сайд нээлттэй, ил тод ажилладаг байсан. Гэтэл М.Зоригт болоод би болохгүй юу. Хоёрдугаарт, намайг дэд сайд боллоо гэхэд цахим орчноос маш их дэмжлэг ирсэн. Жишээ нь, Асашёорү намайг уухайлан дэмжсэн.

-Аса аварга таныг дэмжсэн байхад та зөрүүлээд “станц” гэж тохуурхсан байна лээ?

-Асашёорү бид хоёр чинь найзууд шүү дээ. Одоо ч найз хэвээр, байнга утсаар ярина, энд тэнд тааралдахаараа дотно харилцаатай байдаг. “Аса станц” гэсний хувьд эр хүмүүс бие биенээ “явуулсан” төдий асуудал юм. Ингэлээ гээд намайг шүүмжилсэн байх. Гэхдээ үг даахгүй бол төрд ажиллаад ямар хэрэг байхав дээ. Үнэнийг хэлэхэд өмссөн хувцаснаас эхлээд намайг шүүмжилдэг хүмүүсийн 99,9 хувь нь эрчүүд байдаг. Харин дэмжиж байгаа иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсад эр, эм хүмүүсийн байр солигдсон гэж ойлгож болохоор байна. Энэ бүхэн тухайн хүний боловсрол, нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой. 

-Та өмнө нь шилэн данс, бүртгэлийн асуудалд нэлээд анхаарал хандуулж ажилладаг байсан. Тиймээс ч таныг “Шилэн Цогоо” гэж хочилдог болсон. Өмнөх Засгийн газар болон одоогийн Засгийн газраас аль нь шилэн дансаа илүү хөтөлж байна вэ?

-Манайх сайн хөтөлж байгаа. Монгол Ардын нам бол шилэн дансаа маш сайн хөтөлдөг. Хэрэв хүсвэл Үндэсний аудитын газраас шилэн данс хөтөлсөн байдлыг харж болно. Уг нь аудитаас илүү хяналтыг сөрөг хүчин хийх ёстой. Гэтэл Ардчилсан намын байгаа царай нь юун тэр шилэн дансанд анхаарах мантай байна. Уг нь Х.Тэмүүжин нарын залуучууд нь шилэн дансанд хяналт тавиад явбал Монголын ард түмэнд хэрэгтэй. Ардчилсан намаас 10 хүн гаргаад, шилэн дансны хяналт тавьж, түүгээрээ акц хийж болно. Тухай үед би ганцаараа хийдэг байсан. Гэтэл сөрөг хүчин үүнийг хийж чадахгүй, “миа” байна. Зам, тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж, салбарын шилэн дансыг надад хариуцуулсан. 

-Монгол Ардын намд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

-Би намынхаа дотоод улс төр лүү ороод байдаггүй. Энэ бол миний баримталдаг зарчим. Монгол Ардын нам эрх барьж байгаа бол өөрийнхөө бүх цаг зав, хүчин чадлаа ажилдаа зарцуулна. Сөрөг хүчин байх тохиолдолд өрсөлдөгч нам руугаа бүх анхаарлаа хандуулдаг. Сонгуулиар манай У.Хүрэлсүх дарга, Л.Оюун-Эрдэнэ нарыг эсрэг ажилласан гэж шуугилаа. Тийм зүйл огт байхгүй. Нийт гишүүн бүх чадлаараа сонгуульд ажилласан. Бид сонгууль эхлэхээс дуустал хамт байсан. Бүгд М.Энхболд даргыг ялуулахын төлөө ажилласан, гэвч ялагдсан. Юунаас болж ялагдав гэдэгт дүгнэлт хийх ёстой. Одоо нэгэнт Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан болохоор дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох ёстой. Өвлийн бэлтгэл ажил, төсвийн тодотгол, ирэх оны төсөв хэлэлцэх хугацаа тулаад байна. Миний бодол бол Засгийн газар байгуулагдахад “давхар дээлтэй” сайд байгаасай гэж хүсч байна. 

-Яагаад?

-Яагаад гэвэл Засгийн газрын тогтвортой байдал маш чухал. Тогтворгүй байдлаас болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн байгууллагуудын Монгол дахь асуудал хүндэрч байна. Жишээ нь, “Coal Mongolia” арга хэмжээнд оролцохоор дэлхийн тэрбумтнууд хувийн онгоцоо хөлөглөн зориод ирж байхад манай Засгийн газар огцорч байна. Энэ бол бидний алдаа. Нэгэнт алдаа гарсан бол дахиж давтахгүй байх ёстой. Тиймээс би давхар дээлтэй байгаасай гэж хүсч байна. Одоо бол дэд сайд нар бүтэн жил ажиллаад, салбараа мэддэг болчихсон. Зарим нь энэ салбарт их удсан, Ж.Сауле сайд бол найм дахь жилдээ ажиллаж байна. Ажлын туршлагатай хүмүүсээ зөв томилж чадвал хийдэл гарахгүй.

-“60 тэрбумын бичлэг”-ээс үүдэн шинэ Засгийн газарт хэн мөнгөтэй нь орох биз гэж харах хүн олон байна. Үнэхээр сандал суудлыг мөнгөөр авч байгаа юу?

-Мэдэхгүй. Би мөнгө зарцуулаад ажил алба авч байгаа хүнийг хараагүй. Би өөрөө сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөөнөөр гарч ирсэн. Тухайн үед Удирдах зөвлөл дээр нууцаар санал хурааж, томилогдсон болохоор хэн хаана хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй. Харин намдаа гишүүний татвар төлөөд явж байна. Энэ 60 тэрбумын асуудлыг Г.Доржзодов өөрөө зохиогоод манай Ц.Сандуйд өгсөн юм шиг байна лээ. Г.Доржзодов манайханд танилцуулж байхдаа бичлэг хийгээд, олон нийтэд цацсан. Монголын ард түмэн ухаантай учраас үнэнийг тунгаах биз дээ. Манайхан тэр схемийг ажил болгосон гэдэгт би лав итгэхгүй. Одоохондоо булингартай усанд чулуу харагдахгүй. Булингар арилаад ирэх цагт ус, чулуу ялгарах байх. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж