Тахар гэж юу гэсэн үг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Тахар гэж юу гэсэн үг вэ?

Токиогийн түргэн 5 минутын дотор ирэв.

– Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-61 –

…Гээж, голсон үгээ гэгэлзэн санахын учрыг хэдэн жишээгээр тайлбарлан хүргэе.

Маршалын албаны тухай хуулийг хэлэлцэх үеэр Лүндээжанцан гишүүн “Тунгалаг тамирын Бадарч тахараас болж “тахар” гэдэг үгийг муухай үг гэж боддог болсон. Уг нь “маршал”-ыг монголоор тахар гэдэг юм. Манж үг гэж эргэлзээд байгаа бол хууль, зарлиг гэх үгс ч манж гаралтай шүү.” гэснээр “Тахарын алба” гэгч шинэхэн байгууллага үүдээ нээж, түмэнд туслаад зогсохгүй эртний сайхан үгийг эргүүлж авчирсан юм. Энэ мэт гээж, голсон үгээ гэгэлзэн санахын учрыг хэдэн жишээгээр тайлбарлан хүргэе.

“Та миний цамцны захыг соёо шиг оёдлоор оёод өгөөрэй гэхэд нь оёдолчин соёо шиг оёо гэж гурвалжин оёог хэлээд байна уу?” гэсэн яриаг яг чихээрээ сонсож билээ. Гэтэл ийм оёог “гилбэ” гэх бөгөөд ингэж оёхыг гилбэдэх гэдэг байх нь. Энэ мэт эв дүйгүй үг хэллэгүүдийг эх сайхан хэлнийхээ эртний үгээр ингэж солих саналтай байна. Үс авдаг, хурц иртэй тонгорогийг гинд, самар хушганы хоосон цөмийг гээмэл, хотын гаднах хаалгыг гээшин, гэдэсний өвчинг ёлхдос, гол зогоохыг зүлмэх, нусны алчуурыг нийвч, ялааны алуурыг ширвүүл, тахир дутууг ханчир гээд хэвшчихвэл хэчнээн сайхан бэ!?

Хөдөө хээр явахад эмэгтэйчүүд бие хөнгөлөх суваг шуудуу мэтийн нуугдчих газар хайдаг. Ийн биеэ далдлан суух газрыг нугац гэдэг байна. Үхрийн шагайг аргай, хавар ирэх шувуудын дууг жинжиг, нарийн гэдсийг зэмс, доод уруулыг илгий, эрхий хурууны угийн хотгорыг имгий, цанаар гулгахад барих таягийг малтац, малгайнаас унжуулсан чихний халхавчийг манлайвч, ноос, олсоор нэхсэн барааг нөрмөг, малын цасан дээр гарсан мөрийг чархи, агшаасан будааг амс, малгайн оройн чимгийг шадай, хумсан дээрх цагаан толбыг гонь, өндөгний хээг гор, архи хийх урт хүзүүтэй савыг гүрээ, сүүдэр газрыг гэрүү, хуурамч сүрийг дамсаг гэдэг байна.

Хууль дүрэмд оносон үгээ олохгүй байгаа “хууль ёсны эцэггүй, эцэг нь тодорхойгүй хүүхэд”-ийг нэглий, харийн хэлнээс махчлан орчуулж “хүүхдийг ялгаварлан гадуурхах байдал” гэж өөрийн хэлний бүтцийг эвдсэн, 3 үгтэй энэ үгийг булуй гэсэн ганцхан үгээр хэлж болох нь ээ. “Булуй”-г “булай”-тай хольж, эх хэлээ мэдэлгүй булайгаа чирж болохгүй. Уг язгуур нь “дур зоргоороо аашлах, хүчээр түрэмгийлэх” гэсэн утгатай “булих, булилах” гэсэн үг шүү.

Ийм сайхан үгсийг “Мон судар”-аас гаргасан “Монгол хэлний хуучин үгийн толь”-оос харж моодонд оруулцгаая, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Гээсэн, голсон үгсээ гэгэлзэн санахын учир” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж