Өдөр тутмын сонин моодноос гарч байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Өдөр тутмын сонин моодноос гарч байгаа юу?

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт хийдэг ’’Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11’’ уулзалтаа өнөөдөр хийв.

-Сонин, судалгаа тоо баримттай, эх сурвалжтай, бодит мэдээлэл түгээдэг гэсэн итгэл үнэмшил одоо ч хүчтэй хэвээр бөгөөд нийгмийн сүлжээ харин айлгах чадвар өндөртэй, ялангуяа дарга сайд нар нийгмийн сүлжээнийхнээс ихэд бэргэдэг хэмээн нийтлэлч Баабар хэлж байна-

“Өдөр тутмын сонины анхдугаар форум” өнөөдөр /2017.09.21/ болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч тогтмол хэвлэл буюу сонин мэндлээд 100 гаруй жил өнгөрсөн ч өдөр тутам хэвлэгдэж буй сониныхон анх удаагаа форум зохион байгуулж, дотоод асуудлаа тогоон дотроо хэлэлцэж байгаа нь хэт оройтсон мэт. Телевиз, радио, мэдээллийн сайт, сошиал медиа гээд олон дүү дагуулсан сониныхны хувьд  тулгамдсан асуудал мундахгүй их. Тэр болгоныг хэрхэн гэтлэх, бусад улс оронд цаасан хэвлэл, тэр дундаа өдөр тутам гарч буй сонинууд бэрхшээлийг хэрхэн даван туулж буй туршлагыг  ярилцаж байна.

Сонин унших хичнээн “амттай”-г дадал суусан уншигчид, гал тогоонд нь чанагдсан сэтгүүлчид андахгүй. Гарт баригдаж, нүдэнд харагдах хөдөлшгүй баримт болдгоороо, улс орны түүхийг бичдэгээрээ, бас урт удаан хугацаанд хадгалах боломжтойгоороо өдөр тутмын сонин бусад мэдээллийн хэрэгслээс давуу талтай. Хойшид ч энэ үүрэг сонинд хадгалагдан үлдэнэ. Чухам тиймээс “Засгийн газрын мэдээ” сонины тэргүүн орлогч эрхлэгч Б.Дуламхорлоо “Сонины гол өрсөлдөөн мэдээлэл биш мэдлэг байх болно” гэдгийг илтгэлдээ тодотгов.

Өнөөдөр манай улсад өдөр тутам дугаар хэвлэн уншигчдад түгээж  буй 11 сонин байна. Хүн амынхаа тоотой харьцуулбал энэ бага биш тоо гэж нийтлэлч Баабар хэлээд, 30 дөхсөн олон байснаа бодвол жил тутамд цөөрсөөр, чанартай, бодитой мэдээлэл түгээгчид нь ялгаран үлдсээр байгааг тодотгож байлаа.  Өдөр тутмын сонин эрхлэн гаргахын тулд маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд мэдээллийн сайтууд болоод нийгмийн сүлжээ хүч түрэн хөгжсөнөөс цаг зав, хөрөнгө мөнгө зарж бүтээсэн сонины үнэ цэнэ улам бүр буурч, өдөр тутмын сонинууд зах зээлээс түрэгдэх вий гэсэн айдас бий болсон. Үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл цацагдсаар байхад мөнгө төлж сонин захиалах хэрэг байна уу гэж асуух уншигчид цөөнгүй байна. Гэвч нийгмийн сүлжээ асар олуулаа хэдий ч нөлөөллийн хувьд сонины энд хүрэхгүй гэдгийг Баабар тодотгож байлаа. Сонин, судалгаа тоо баримттай, эх сурвалжтай, бодит мэдээлэл түгээдэг гэсэн итгэл үнэмшил одоо ч хүчтэй хэвээр бөгөөд нийгмийн сүлжээ харин айлгах чадвар өндөртэй, ялангуяа дарга сайд нар нийгмийн сүлжээнийхнээс ихэд бэргэдэг хэмээн тэрбээр тодотгосон юм.

Сонин өдөр бүр хэвлэгддэг ч түрүүлж мэдээлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй.  Үйл явдлыг тухайн мөчид нь шууд дамжуулж буй мэдээллийн сайтууд, телевиз, радиогийнхон, цаашлаад нийгмийн сүлжээнийхэнтэй маргааш өглөө нь хэвлэгдэн гарч буй сонин уралдах боломжгүй нь тодорхой. Тиймээс юуг давуу тал болгон цааш хөгжүүлэх талаар ярилцаж, цахим орчинд байр суурь  эзлэх боломжийг өдөр тутмын сониныхон эрэлхийлж байна. Өдөр тутмын сонинуудаас цөөнгүй нь онлайн хувилбар, захиалга аваад эхэлсэн. Гэсэн хэдий ч нийт орлогынх нь 80-88 хувийг цаасан хувилбараасаа,12-20 хувийг цахим захиалгаас олж буй ажээ. Энэхүү 12-20 хувь гэдэг нь сүүлийн гурван жилийн хугацаанд зургаа дахин өссөн үзүүлэлт гэдгийг Слайд ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр илтгэлдээ онцоллоо. 2005 оноос хойш дэлхийн сонины зах зээл огцом агшиж буй ажээ. Зар сурталчилгаанаас олох орлого л гэхэд даруй хоёр тэрбум ам.доллараар буурч, хэвлэмэл сонин дээрх сурталчилгааны зах зээл 2006 оны үзүүлэлтийнхээ тал хувьд ч хүрэхгүй байгаа гэнэ. Хүмүүс хэвлэмэл сонинд сурталчилгаа тавихаас илүү цахим сонин, цахим хэвлэлд сурталчлах нь хүртээмжтэй гэж үзэх болсон байна. Тиймээс цаасан хэвлэлийнхэн цаашид зар сурталчилгаанаас санхүүжилт хайхаасаа илүү агуулгадаа анхаарч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн захиалгаа нэмэгдүүлэх нь зөв юм гэсэн зөвлөмжийг ч давхар дайж байна. Хөгжингүй орнуудад ч цахим сонин хүчээ авч, хэвлэлийн салбарт нь “акулууд” нь үлдэх үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Харин хөгжиж буй орнуудын хувьд цаасан хэвлэл моодноос гарах болоогүй гэсэн дүгнэлт гарчээ.

Хэвлэлүүд уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдээ, мэдээлэл бэлтгэн нийлүүлдэг хэлбэрт шилжих цаг ирснийг “Өдөр тутмын сонины анхдугаар форум”-ын үеэр онцолж байлаа. Уншигчийн ашиг сонирхлыг судлаад түүнд нь тохирсон мэдээлэл хүргэж, түүнийгээ үнэлдэг болох шинэ алхам руу шилжихийн чухлыг сануулж байлаа. Мөн өдөр тутмын сонинуудад тулгамддаг бас нэгэн чухал зүйл бол захиалагчдад саадгүй хүргэх шуудангийн үйлчилгээ. Шуудан хүргэлт XX зуунаараа байгаа ийм нөхцөлд өдөр тутмын сонинг уншигчдад найдвартай хүргэх флатформыг цаг болсон гэж сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өгүүлж байлаа.

Сонины форумын үеэр хөндсөн мэдээ,  мэдээллийн эрэмбэ, агуулгын бүтцийн асуудал бол зөвхөн сониныхонд гэлтгүй бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаатай. Өнөөдөр олон улсад мэдээллийг эрэмбэлэхдээ эдийн засгийн мэдээллийг илүү чухалчилж, нийт мэдээллийнх нь 50 хүртэл хувьд  эдийн засаг мэдээлдэг  бол манай улсад  улс төрийн сэдэв хамгийн чухал, онцгой мэдээлэлд тооцогдож байгаа. Ингэж улстөржихийн хэрээр хэвлэл өөрөө улс төрөөс хараат байсаар байгааг Б.Дуламхорлоо илтгэлдээ онцолсон. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Сонин бол тансаг бүтээгдэхүүн. Сонинд сайн сэтгүүлчид, сайн нийтлэлчид байна. Харин одоо сайн менежерүүд хэрэгтэй байна” гэсэн юм.

Ийнхүү өдөр тутмын сониныхон  анх удаагаа форум зохиож, “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Мөн анх удаагаа ёс зүйн тунхгаа албажууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж