Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцно

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцно

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Ж.Батхуягтай шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтын талаар ярилцлаа.


-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах, улмаар ял шийтгэл оногдуулах шинэ зохицуулалт орсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар заалт байгаагүй. Харин тус хуульд 2014 онд оруулсан нэмэлтээр уг хуулийн тусгай ангид 3-4 төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 20 дугаар бүлэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж тодорхой бүлэг, заалтуудаар тусгаж өгсөн. Хууль хэрэглээний явцад дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй боловч хуульд орсон томоохон өөрчлөлт, дэвшил гэж харж байна.

Хуулийн байгууллагын зүгээс эрүүгийн хэргийг шалгах явцад хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй тохиолдол гардаг боловч хууль тогтоомжинд тусгагдаагүйгээс хүлээлгэх боломжгүй байсан. Тухайлбал: “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх, Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах, Байгаль орчныг бохирдуулах, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэх мэт хэрэгт хуулийн этгээдэд зөвхөн захиргааны хариуцлага хүлээлгэх төдийхнөөр арга хэмжээ тооцоод явж байсан.

-Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа этгээд буюу хүн нь тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг мөрдөх ажиллагаанд оролцдог. Гэтэл хуулийн этгээдийг хэрэг шалгах ажиллагаанд хэрхэн яаж оролцуулж явна гэсэн үг вэ?

Хуулийн этгээд гэдгийг Иргэний хуульд зааснаар өмчлөлдөө тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээж байдаг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг зохион байгуулалтын нэгдэл гэж тодорхойлсон байдаг. Мэдээж хуулийн этгээдийн цаана хүн гэж бодгаль бодитоор оршин байдаг. Энэ ч утгаараа тухайн олон зүйлийн нэгдлийг ямар нэгэн хүн төлөөллийн зарчмаар хуулийн этгээдийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээж эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Харин эрүүгийн хариуцлагыг тухайн гэм буруутай хуулийн этгээд хүлээх юм. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахад тодорхой эрх бүхий хувь хүн түүнийг төлөөлөн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох боловч төлөөлж байгаа хувь хүн хуулийн этгээдийн өмнөөс ял шийтгэл эдэлнэ гэсэн үг биш.

-Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Юуны түрүүнд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, тийм хүн байхгүй бол шүүх, прокурор, мөрдөгчөөс хугацаа өгч өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг мэдэгдэж, тогтоосон хугацаанд хуулийн этгээд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол шүүх, прокурор хууль ёсны төлөөлөгчийг тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага дундаас томилж болно.

Шинэ Эрүүгийн хуулиар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн этгээдэд, мөн хуулийн этгээдэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болсон.

Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан эрх бүхий этгээд, эсхүл шийдвэрийг гүйцэтгэсэн этгээд нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, түүнээс өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй бол яллагдагч нь хуулийн этгээдийг төлөөлж болно. Үүнээс бусад тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлж буй хүн нь тухайн хэргийн яллагдагч байж болохгүй гэсэн үг л дээ.

-Хуулийн этгээдэд ямар ял шийтгэл оногдуулж болохоор хуульд заасан бэ?

-Дээр дурдсан хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн тухайн шийдвэрийг гүйцэтгэсэн этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийг үйлдсэн, түүнд ямар ял шийтгэл оногдуулахаар заасан байна тэр хэр хэмжээ, ялын төрлөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Харин хуулийн этгээдийн хувьд зөвхөн торгох ял ногдуулахаар заасан бөгөөд оногдуулах ял шийтгэл дээр нэмээд эрх хасах, татан буулгах, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг авч болно.

-Торгох ялын хэмжээ хуульд зааснаар хэдэн төгрөг байгаа бэ? Мөн хөрөнгө, орлого хураах гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ялын хэмжээ нэг зуугаас дөчин мянган нэгж хүртэл байхаар хуульчилсан бол хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээ арван мянгааас дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг нэгжийг 1000 төгрөгөөр тооцож 10 саяас 400 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгохоор заасан. Мөн хуулийн этгээдэд торгох ял шийтгэл оногдуулахаас гадна албадлагын арга хэмжээ авч болохыг дээр хэлсэн. Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэдэг нь хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах гэж хуульд тодорхойлсон байгаа.

-Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай, компаниудад мөн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох уу?

Гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын компани эсэхээс үл хамаарч Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол манай хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэрэгт шалгагдаад ирэхээр компаниа бусдын нэр дээр шилжүүлдэг, эсхүл өөр компанид худалддаг зэрэг асуудлууд гардаг. Тэгвэл үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан бэ?

-Эрүүгийн хэргийг шалгах явцад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, тэдгээртэй адилтгах мэдээллийг өөрчлөхгүй байх, улсын бүртгэлээс хасахгүй байх талаар прокурор, шүүхээс холбогдох байгууллагад мэдэгдэх арга хэмжээг авч болно.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан буюу бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд, бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд, хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд, хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд, компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн бол толгой компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохоор хуульчилж заасан.

Бас хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн гэмт хэргийн талаар мэдсэн эсэхээс үл хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэргийг шалгах явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатайгаар татан буулгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчдэд, үндэслэлгүйгээр аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээд, эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бусад хуулийн этгээдээс нөхөн гаргуулахаар заасан байгаа.

-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох боломжтой болсон учир олны анхаарал татсан эрүүгийн хэрэгт холбогдсон хуулийн этгээдэд хариуцлага тооцож болно гэж ойлгож болох уу?

-Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогддог тул дээрх хуулиуд үйлчилж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин дээрх хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хуулийн этгээдийг холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бол боломжгүй юм.

-Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах, ял шийтгэл ногдуулах нь  ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ? Ялимгүй зүйл дээр цагдаад шалгуулж, компаниудын үйл ажиллагаанд саад болж байна гэж бодох хүмүүс бас байна?

-Мэдээж хувь хүн, хуулийн этгээд гэдгээс үл хамаарч хуульд заагдсан гэм буруутай бол хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Түүнээс биш Эрүүгийн хуульд тэгж заасан гээд компаниудыг хоморголон шалгаж, хариуцлага тооцон татан буулгах ойлголт биш юм.

Эрүүгийн хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хяналт сайжрах, гаргаж буй шийдвэр, явуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчиж буй эсэхийг нягталж шалгадаг болох, компаниудын хууль тогтоомж зөрчдөг байдал багасч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зэрэг эерэг үр дүн гарна байх. Хууль боловсруулагчид, эрдэмтэн, судлаачид маань уг асуудлыг нэлээд өргөн хүрээнд хойшдынх нь ач холбогдлыг тооцож, хуульд тусгайлан оруулсан байх.

Сүүлийн үед компанийн ашиг сонирхлын төлөө, компанийн нэрийн өмнөөс эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах явдал улам бүр нэмэгдэх хандлагатай болсон энэ үед Эрүүгийн хууль тогтоомж шинэчлэгдэн батлагдан, хэрэгжиж эхэлсэн нь цаг үеээ олсон шийдвэр гэж үзэж байгаа.

-Шинээр батлагдсан хуулийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж