Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн долоо хоногт дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ. Тодруулбал, түүнээс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй холбоотой асуудалд тайлбар авсан байна. Мэдүүлэг өгсөн тухайгаа Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын талаар АТГ наймдугаар сарын 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Түүний дараа У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнуулдсан мэтээр тавилттай жүжгийн задаргааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хаалттай хурал дээр хангалттай нотлох баримттай сонссон. Түүний дагуу л мэдээлэл авсан. Зарим хэвлэлээр концессын гэрээний асуудлаар эсвэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны ажил үүрэгтэй холбоотойгоор дуудагдсан гэж мэдээлсэн байсан. Дээрх асуудлуудтай огт холбоогүй. Концессын тухайд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Мөн яам дээр ч ямар нэгэн асуудал болоогүй.” хэмээн тайлбарлав.
Д.УУДАМ