Номын сангийн барилгын ажил удааширчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Номын сангийн барилгын ажил удааширчээ

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-04 14 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 14 хэм байна.

Номын сангийн үнэт зүйл, хэтийн төлөв, тулгамдсан асуудал зэрэг сэдвийн хүрээнд “Ном сангийн алсын хараа” хэлэлцүүлэг Үндэсний төв номын санд болж байна. Хэлэлцүүлэгт номын сангийн мэргэжилтнүүд санал солилцож байна. 

Дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа энэ цаг үед номын сангууд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх цорын ганц арга зам нь хамтын ажиллагаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Манай номын сан чөлөөт сонголттой, уншлагийн хоёр танхимтай. Их сургууль маань дотроо 10 сургуультай учраас шинжлэх ухааны бүх төрлөөр номын сангийнхаа сан хөмрөгийг баяжуулж, үйлчилдэг. Номын сангийн үйлчилгээг мэдээлэл технологийн тал дээр илүү хөгжүүлэх нь чухал байна. Жишээлбэл, номын сангийн сан хөмрөгийг  баяжуулж байгаа ч бусдад түгээх мэдээллийн технологи дутагдалтай байна” гэдгийг Монголын үндэсний их сургуулийн номын санч Г.Буянжаргал хэлэв.

Олон улсын номын сангийн холбооны 90 жилийн ойн хүрээнд “Номын сангийн алсын хараа” цуврал хэлэлцүүлгийг дэлхийн зургаан бүс, 100 гаруй улсад зохион байгуулжээ. Энэхүү хэлэлцүүлгийг Үндэсний төв номын сангаас энэ сарын 8-15-ны өдрүүдэд орон нутагт цахим санал асуулгын хэлбэрээр хийсэн бөгөөд өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй номын сангийн мэргэжилтнүүдийн дунд өрнүүлж байгаа ажээ.

Энэ талаар Үндэсний төв номын сангийн менежер М.Даваасүрэн ярихдаа “Олон улсын номын сангийн холбооноос зохион байгуулж буй цуврал уулзалтуудын хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн захирлуудын зөвлөлийн чуулганд оролцоод ирсэн. Тус хэлэлцүүлгээр номын сангийн үнэт зүйл, ямар асуудал тулгарч байна, шийдвэрлэх арга зам нь юу вэ гэх мэт асуудлуудыг ярилцаж, хэлэлцсэн. Азийн Энэтхэг, Бангладеш зэрэг орнуудад Монголын номын сангуудад тулгамдаж буй асуудлууд нийтлэг тохиолддог юм байна. Зарим хүмүүс гадаадын номын сан гэхээр л манай орны номын сангаас өөр хөгжилтэй юм шиг хүлээж авдаг. Мэргэжлийн номын санчийн боловсон хүчин, технологи тоног төхөөрөмж, номын сангийн нийгмийн үнэлэмжийн асуудлууд тулгамдаж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ өндөр түвшинд хөгжсөн АНУ, Канад улсууд бий. Хамгийн гол нь бид нэгдэж, төр засгийн бодлогийн төвшинд хүргэж, Азийн хэмжээнд нэгдэж байж хүчтэй байна гэдгийг ярилцсан” гэв.

Харин тус номын сангийн Ахлах аргазүйч Б.Цогжаргал “Манай номын сан нийт 3 сая гаруй сан хөмрөгтэй. Тиймээс ч Азидаа тэргүүлэх номын сангийн тоонд жагсдаг. Үндэсний төв номын сан байгуулагдсан цагаасаа хойш гурав дахь барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо номын сангийн шинэ барилга АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо баригдаж байгаа ч төсөв мөнгөнөөс хамаарч барилгын ажил төсөв удаашралтай байна. Тиймээс өнөөдөр бидэнд энэ арвин сан хөмрөгөө багтаах барилга байгууламжийн асуудал тулгарсан. Мөн номын сангийн үйл ажиллагаа мэдээллийн төв чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл номын сангийн маань орчин нөхцөл уншигчдын хэрэгцээг хангахуйц сайн биш, тухайн жилдээ шинэ ном худалдаж авах төсөв жилээс жилд багасч байна” гэдгийг хэлсэн юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж