Хойд Солонгосын дипломатч Ри Ён-хо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд тавьсан Трампын илтгэлийг “нохой хуцсантай” адилтгажээ.
Лхагва гаригт (2017.09.20) Д.Трамп Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн үгэндээ “Хэрэв Хойд Солонгос АНУ болон манай холбоотнуудад аюул занал учруулвал бид Хойд Солонгосыг газартай тэгшилнэ” хэмээн заналхийлсэн юм.
Харин Д.Трампын заналхийлсэн мэдэгдлийн хариуд Хойд Солонгосын дипломатч Ри Ён-хо “Хэрэв Д.Трамп ингэж хуцсанаараа биднийг айлгана гэж бодож байгаа бол тэр эндүүрч байна. “Жингийн цуваа явж л байдаг. Замын ноход хуцаж л байдаг” гэдэг үг бий. НҮБ ямар ч хориг тавьсан Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй” гэжээ.
Улсынх нь удирдагч Ким Чен Унд Д.Трамп “Пуужинтай эр” хэмээх хоч өгсөнд ямар бодолтой байгаа тухай түүнээс асуухад “Би түүний бараа бологсдыг өрөвдөж байна” гэж хариулсан гэнэ.
Хойд Солонгос гайхмаар богино хугацаанд холын тусгалт пуужин, цөмийн хөтөлбөрөө боловсронгуй болгож чадсаныг цөмийн шинжээчид гайхаж байгаа юм. Энэ есдүгээр сарын гурванд Хойд Солонгос зургаа дахь удаагаа томоохон хэмжээний цөмийн туршилт явуулснаа мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг өргөн хэмжээтэй экспорт, импортын хориг тавьсан билээ.
Орчуулсан Н.Энхтуяа