Мария хар салхи 3.5 сая хүн амтай Пуэрто Риког дайрахад арал бүхэлдээ үерт автаж, ямар ч цахилгаангүй болсон гэж тус улсын онцгой байдлын агентлагийн тэргүүн Абнер Гомез мэдэгджээ. Замдаа таарсан бүхнийг залгиж буй Мария хар салхины эрч одоо хоёрдугаар зэргийн аюултай түвшинд шилжээд байна.
Асар хүчтэй эрчилсэн хар салхи арлыг нөмрөх үед оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг Сан Хуан хотын захирагч анхааруулсан байжээ. Оршин суугчдыг болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлж, цахилгааны олон шугамуудыг тасалж, оршин суугчдыг хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Сан Хуан хотын захиргаа 500 гаруй түр хоргодох байр бэлтгэсэн байжээ.
Урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авсны ачаар хохирол сүйрлийн мэдээ цөөн ирсэн байна. Алслагдсан бөглүү дүүрэг, хотуудад ч мөн ноцтой сүйрэл гараагүй харин олон барилга байшингийн дээвэр салхинд хийсч унасан гэнэ.
Мария хар салхи Доминиканд долоон хүний амийг авч одсон бол Пуэрто Рико хар салхийг хүний гарз хохиролгүй давжээ.
Карибын тэнгис дэх олон арлыг далайн хар салхи хоёр дахь удаагаа дайрч өнгөрч байгаа нь энэ юм. Мария хар салхины өмнө Ирма хар салхи Виржиний арлуудыг дайрч, асар их гамшиг сүйрэл дагуулсан билээ.
Орчуулсан Н.Энхтуяа