Монголын өдөр тутмын сонинууд Өдөр тутмын сонины анхдугаар форумыг нэгдэн зохион байгууллаа. “СОНИНЫ ФОРУМ-2017” арга хэмжээгээр Монголын өдөр тутмын сонинуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг даван туулах шийдэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, технологид суурилсан цахим хэвлэл мэдээллийг шүтэх болсон энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай талаар салбарынхны санал бодлыг сонслоо.
Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл нь мэдээллийн гинжин холбооны тэргүүнд байдаг нь Монгол улсад ч ижил байдаг. Харин энэ үнэнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалах нь форумын гол зорилго гэдгийг МӨТСХ-ны ерөнхийлөгч онцолж байгаа юм. Энэ удаагийн форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн багш нар оролцлоо.
“СОНИНЫ ФОРУМ-2017”-гийн үеэр анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Энэ санаачилгаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглалын үүргийг улам бүр тодотгохыг зорьж байгаа юм. Тунхагт өдөр тутмын сонинуудын редакциуд эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэн, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээр заажээ. Цэвэр нийгэм, улс төрийн эрүүл орчин, нийгмийн цэвэр сэтгэлгээний суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тунхагт нэгдэж байгаагаа Монголын өдөр тутмын сонинуудын удирдлагууд онцлов.
Форумын дараагийн нэг онцлог нь, Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулж байна. Ёс зүйн тунхгийг албан бусаар бүхий л өдөр тутмын сонин үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Харин энэ удаагийн форумаар дээрх тунхагт нэг үзэл бодолтойгоор нэгдэж, баталгаажуулав. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг онцолжээ. Түүнчлэн өдөр тутмын сонины хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийн үнэн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоо тусгасан байна.
Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхгийг Өдөр тутмын сонинуудын ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа юм.