Бөхийн маргаанд камер ашиглана

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Бөхийн маргаанд камер ашиглана

Америкийн шоу бизнесийн “акул” гэгддэг Саймон Коуэллийг наснаасаа залуу харагддаг гэж хэлэх хүн цөөнгүй.

Монгол үндэсний бөх өнөөдрийг хүртэл олон талаар хөгжиж, өөрчлөгдсөн зүйлстэй ч орчин үеийн бөхийн үзэгчдийн шаардлагад нийцдэггүй нэг том алдаатай. Барьц, барилдаан, цол, эрэмбэтэй холбоотой санал, шүүмжлэл нэгээр тогтохгүй бий. Тэднээс илүүтэй хоёр бөхийн хэн давсныг ялгах чадамжгүй байдал нь үндэсний бөхийг улам хүндэтгэлгүй харагдуулж ирсэн.

Их спортын аль ч төрөл, олимп, тив, дэлхийн бүх тэмцээний шүүлтэд өндөр чанартай бичлэг, түүний нарийвчлалтай удаашруулсан хэлбэрийг ашиглаж байна. Хүний хараа гүйцэхгүй, маш богино хугацаанд, өндөр хурдтай өрнөх хөдөлгөөн, түүний давхцалыг технологийн дэвшил ашиглан шүүх, шударга шийдвэр гаргах өргөн боломж сумын төвийн наадам дээр ч байгаа. Харамсалтай нь, хүн бүрийн нүдэн дээр ил харагдаж байгаа маргаантай барилдааныг “Дүрэмд бичлэг үзэж шийдэх заалт байхгүй ээ” гээд буруу хараад, өөрийнхөөрөө зүтгэчихдэг шүүгчтэйдээ /Хөлийн цэц/ үндэсний бөх үзэгчдээс шүүмжлэл хүлээх болсоор удлаа. Энэ бол зүй ёсны шүүмж. Ийм алдаанаас нь болоод итгэл үнэмшилтэйгээр барилдаанд шимтдэг үзэгчдийн тоо ч цөөрсөн нь үнэн.

Ядаж жилд ганц болдог, Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулж, цол олгодог наадам дээрээ хүртэл бичлэгийг баримт гэж үздэггүйн улмаас байнга маргаантай барилдаан, гомдолтой бөхтэй үлддэг.

Сүүлийн жишээ энэ жилийн наадмын тавын даваанд гарсан аварга Ч.Санжаадамба, шинэ начин Г.Ганжад нарын барилдаан байна. Аварга, арслан /Тухайн үеийн цол-аймгийн арслан/ хоёрын барилдааныг тал талаас нь авсан бичлэгт Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн нь тодорхой байхад Хөлийн цэц түүнийг давуулсан нь Үндэсний бөхийн дүрэм, Үндэсний бөхийн холбооны арга барилыг өөрчлөх давалгаа үүсгэсэн гэж болно. Наадамчид, Бөхийн холбоог хоёр талд гаргасан энэ барилдааныг дэнсэлсэн Хөлийн цэцүүд “Бөхийн дүрэмд бичлэг үзэх заалт байхгүй” гэсэн бүдүүн тойм хариулттай байсныг санаж байгаа байх.
 

Монгол бөхийн бүх шатны барилдааныг Монголын үндэсний бөхийн дүрмээр явуулдаг. Үнэхээр тэр дүрэмд бичлэг үзэж, маргаан таслах тухай үг, өгүүлбэр байдаггүй. Ганц энэ дүрэм гэлтгүй, Үндэсний их баяр наадмын тухай хууль ч бөхийн барилдааныг шударга, үнэн байлгах бүрэн дүүрэн хууль биш.

Гэхдээ хожуу ч гэсэн энэ алдааг Монголын үндэсний бөхийн холбоо засч залруулахаар санаачилга гаргаж эхэлжээ.

Тодруулбал, Үндэсний бөхийн холбооноос монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр /камер/ шүүх эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулжээ.

Энэ багийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан ахалж, бүрэлдэхүүнд нь бөхчүүд, сэтгүүлч, телевизийн найруулагч, зураглаач, бөх сонирхогчид багтсан байна. 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Ахлагч: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
  • Нарийн бичгийн дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/

Гишүүд:

  1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
  2. Т.Өсөх-Ирээдүй /’Алдар’ спорт хороо, улсын харцага/
  3. М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБД, олон улсын шүүгч/
  4. Б.Батзаяа /МХБХолбоо, спортын сэтгүүлч/
  5. Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
  6. н.Гантөмөр /’Монгол’ HD телевизийн ерөнхий найруулагч/
  7. Я.Цогтсайхан /ТV9 телевизийн операторын албаны дарга/
  8. С.Шижирбат /’ЕТV’ телевизийн редактор, спортын сэтгүүлч/
  9. Б.Батзориг /’Медиа спорт’ ХХК-ийн захирал, бөх сонирхогч/
  10. Д.Эрдэнээ /Бөх сонирхогч/
  11. Б.Батбаяр /’Бид Монгол’ ХК-ийн захирал/

Үндэсний бөхийн барилдааныг камераар шүүх боломжгүй гэж үздэг хэсэг байдаг ч эхний удаад энэ боломжийг судлах Ажлын хэсэг байгуулж байгаа нь баяр хүргэх алхам мөн. Эдгээр хүмүүсийн судалгаа, арга туршлага дээр үндэслэн МҮБХ Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах замаар явах байх гэж ойлгож байна. Цаашлаад, бөхийн дүрмийн өөрчлөлттэй холбогдуулан Баяр наадмын тухай хуулиндаа ч онгорхой, цоорхойг нь нөхсөн засвар хийх шаардлага байдгийг МҮБХ, Их хурал дахь спортын лобби бүлгийн гишүүд анхаарах биз ээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж