Багш нарын ажил хаялтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Багш нарын ажил хаялтын эргэн тойронд

Борооны дараах мөөг шиг олширсон олон телевизүүдээс, дөчин таван жилийн түүхтэй МҮОНТ юм юмаараа л аархана.

Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна. Гэхдээ ерөнхий боловсролын зарим сургууль хичээлээ зааж, ихэнх цэцэрлэг хэвийн ажиллаж байгаа юм.

Засгийн газар огцорч, улс төрийн байдал тогтворгүй болсон энэ үед багш нарын шаардлагыг биелүүлэх боломж нөхцөл байхгүй юм. Гэсэн хэдий ч Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ерөнхий боловсролын сургуулиуд ажил хаялт зарлажээ. 

“Багш төрийн гурван эрдэнийн нэг”, “Бид шантрахгүй”, “Бид ядарч байна”, “Багш би цалингаа нэмэгдүүлмээр байна” гэх мэт уриа лоозон барьсан багш нар өөр өөрсдийн сургууль дээр ажил хаялтаа хийж байна.

23 дугаар сургуулийн багш З.Тунгалаг:

-Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардсан. Гэвч бидэнд тодорхой хариу ирүүлээгүй. Иймд Багш нарын цалин нэмэгдүүлэх хорооноос хамтын маргаан үүсгэсэн. Хэрэв цалин нэмэгдүүлэх асуудалд зөвшилцөлд хүрэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана. Өнөөдрийн ажил хаялтад оролцож байгаа багш нар эрсдэлээ дааж, нэг өдрийн цалингаа авахгүй байхаар шийдсэн. Одоогоор Засгийн газар огцорсон ч төрийн байгууллагын үйл ажиллагаа залгамж халаатай явах ёстой.

23 дугаар сургуулийн багш С.Мөнхбаатар:

-Боловсролын салбарт 27 жил ажиллаж байна. Тэр утгаараа багш нараас хамгийн өндөр цалин буюу 608 мянган төгрөг авдаг. Үүнээс татварт суутгаад 500 гаруй мянган төгрөг авдаг. Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүхэдтэй, нэг нь оюутан. Эхнэр маань ажил хийдэг ч оюутны сургалтын төлбөр, орон байрнаас эхлээд тулгамдсан асуудал их байна.  Тиймээс цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад сууж байна.

23 дугаар сургуулийн багш О.Уянга:

-Би багш мэргэжлээрээ ажиллаад хоёр жил болсон. Монголын багш нар дэлхийн хэмжээний боловсролыг хамгийн хямд цалингаар хүргэж байна. Миний үндсэн цалин 535 мянган төгрөг байдаг ч татвар суутгаад 300 гаруй мянган төгрөг авдаг. Ийм бага цалинтай болохоор багшлах сонирхолтой залуус цөөрсөн.

Багш нар нэг өдрийн ажилт хаялт зарласан асуудлаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн У.Солонго:

-Багш нарт ёс суртахуун байх хэрэгтэй. Цалингийн асуудлаас болоод сурагчдаа хохироож болохгүй. Эмч, багш цалингаа нэмэгдүүлэх шаардлагатай байх. Гэхдээ Монголын эдийн засгийн нөхцөл байдал хэцүү. Ойрын 10 жилд багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгохгүй гэж бодож байна.

Нийслэлийн иргэн/нэрээ нууцлахыг хүссэн/:

-Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаж байгаа нь буруу. Яагаад гэвэл энгийн хүмүүс ч цалин багатай ажиллаж болоод байна. Тэгэхэд багш нар 40 хүүхдэд хичээл зааж байж 1,6 сая төгрөгийн цалин нэхэх нь буруу. Хэрэв багш, эмч нарын цалинг нэмэх юм бол татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ. Миний сарын цалин 400 орчим мянган төгрөг байдаг. Үүнээс зээлээ төлөөд гар дээр 50 мянган төгрөг үлддэг. Тэгэхээр багш нарын шаардлага бол буруу гэж үзэж байна.

Гэрэл зургийг Ц.Ариунболд, Н.Батмөнх

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж