ДОХ-ын өвчлөлийг удаашруулахын тулд хэдийг төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

ДОХ-ын өвчлөлийг удаашруулахын тулд хэдийг төлөх вэ?

АНУ-ын эм үйлдвэрлэгч “Gilead” компанийн үйлдвэрлэсэн “PrEp” эм ДОХ-ын вирусын тархалтыг удаашруулна гэж үзэж байна. ДОХ өвчний эсрэг тэмцсэн 30 жилийн хөдөлмөр огт үр дүнгүй биш, тодорхой хэмжээний амжилтад хүрсээр байна.
Хүмүүсийн мэдлэг, хандлага, зан авирыг өөрчлөх үйл ажиллагааны үр дүнд 1994 онд АНУ-д ДОХ-оор жилд 52 мянган хүн нас барж байсан бол 2007 онд 14,600 болж буурсан.  “Gilead” компанийн “PrEp” эмийг одоо АНУ, Африк, Ази, Латин Америкт 20 мянган хүн дээр туршиж байна. Энэ туршилтыг АНУ-ын Өвчлөл, тархалтыг хянах сэргийлэх төв, Эрүүл мэндийн институт, Билл, Мелиндагийн сан зэрэг байгууллагууд дэмжиж санхүүжүүлж байна. Судалгааны эхний үр дүн энэ оны долоон сар гэхэд гарч эхлэх болно.
Хэрвээ нааштай үзүүлэлт гарвал “PrEp” эмийг АНУ-ын зах зээл дээр худалдаалахад шууд нэг тэрбум ам.долларын гүйлгээ хийх болно. Өнгөрсөн жил “Gilead” компани ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй “Truvada”, “Atripla”, “Viread” гэсэн гурван эмийн худалдаанаас 5.54 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд худалдан авагчдийн 85 хувь нь АНУ-ын өвчтөнүүд байсан.
Тус судалгааны ажлын талаар өмнө нь “Microsoft” компанийг үндэслэгч, одоо Билл, Мелинда Сангийн тэргүүн Билл Гейтс АНУ-ын сенатын өмнө гуравдугаар сарын 10-нд ярихдаа “Хэрвээ эмийн туршилтаас амжилттай үр дүн гарвал хөгжингүй орнуудад түгээх ажлыг 2012 оноос эхэлж болно” гэж ярьсан. “PrEP бол дараагийн том зүйл. Амьтад дээр хийсэн судалгаа, биологийн шинжилгээний дүнгээс үзэхэд энэ эм ДОХ-ын эсрэг урьд байгаагүй хүчтэй нөлөө үзүүлж байна” гэж Нью-Йоркт байрладаг ДОХ-ын Вакцины Эвслийн гүйцэтгэх захирал Mitchell Warren ярьж байна.
НҮБ-ын ДОХ-ын эсрэг тэмцэж байгаа байгууллагуудын эвсэл болох “UNAIDS”-ийн мэдээнээс үзэхэд одоо 33 сая хүн дохтой амьдарч байна. 2008 онд 2.7 сая хүн шинээр тус өвчин туссан бөгөөд хоёр сая хүн ДОХ-ын хүндрэлээс болж нас барсан.
Сахарын Африкт “PrEP” эм хэрхэн хүргэх асуудал төвөгтэй байгаа. Тус тив дээр ДОХ-оор өвчилсөн хүний тоо 22 саяд хүрээд байгаа бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ ердөө 951 ам.доллар байгаа. Хөгжилтэй оронд ч гэсэн ДОХ-ын эм түгээх буюу зарна гэдэг их зардал шаардах болно. “Truvada” эмийг эрсдэлд байгаа ижил хүйстэн эрчүүдэд өгөхийн тулд АНУ жилд нэг тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай. 1987 оноос хойш АНУ ДОХ-ын эсрэг янз бүрийн эм гаргаж хэрэглэж байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж