МАН-ын фракцууд Ерөнхий сайдад сойх хүнээ тодруулахаар зуслан, саун, зочид буудалд “болзоо” тавьж байсан бол өчигдөр оройхон Удирдах зөвлөлийнх нь зарим гишүүд сэм уулзалт хийж, зарим нэг тохироог хийж амжжээ.
Энэ үйл явдал Зүүний хүчний холбооныхныг орон нутагт ажиллах үетэй давхацсан байна.
Нууц уулзалтаар хотын фракц УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх тохироонд хүрчээ.
Өнгөрсөн өдрүүдэд хэвлэлүүд Ерөнхий сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлсэн.
Тэднээс хотын фракц УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сойх чиг барьж байсан ч дээрх нууц уулзалтаас нөөцөнд багтаасан байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дээр тогтож, Н.Энхболд гишүүн ар талд нь гарчээ.
Ерөнхий сайдын сунгаанд хүнээ нэр дэвшүүлэхээр “хор найруулж” яваа бүлэглэлийн нэг нь “Увс” фракц. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байсан ч мөн л сэлгээ хийж, Ч.Хүрэлбаатар гишүүн дээр тогтжээ. Албан тушаалын төлөө Засгийн газраа огцруулсан гишүүддээ МАН хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл нийгэм даяар хүчтэй яригдах болсон нь Ц.Нямдорж даргын хувьд энэ удаагийн сунгаанаас завсарлага авахад хүргэсэн бололтой.
Ерөнхий сайдын сунгаанд фракц бүрийг төлөөлж нэр дэвшигч орж ирж буй ч Бага хурлын өмнөх Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэднийг шигшинэ.
Шигшигдэж үлдсэн нь Бага хурал руу орж ирнэ. Гэхдээ Удирдах зөвлөлийн хэсэг гишүүдийн нууц уулзалтаар бол Ерөнхий сайдад нэр дэвшигчээ Бага хурлаар баталгаажуулж, УИХ-аар батлуулсны дараа давхар намын даргаараа сонгох чиглэл барих нь.
У.Хүрэлсүх заалнаас нэр дэвших үү?
Бага хурлын өмнө гишүүдийнхээ саналыг багцлахын тулд хотын фракц нийслэлээ базахаар ажиллаж байгаа бол Зүүний хүчний холбооныхон орон нутагт ач холбогдол өгөх болжээ.
УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэмжээний нүсэр ажил ундруулж буй гэх мэдээлэл байна. Ингэж ач холбогдол өгч ажиллаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэх дуулианд нэр холбогдоод буй Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх заалнаас Ерөнхий сайдад нэр дэвших гарц хайж буйтай холбоотой байж болзошгүй аж.
Хэдий Удирдах зөвлөлийн хуралдаанд нэрийг нь хүч түрэн орууллаа ч дэмжлэг авахад бэрх гэж үзэх гишүүд байна.
Иймээс энэ сарын 25-ны Бага хурлаас гишүүд нь хэнд саналаа өгөхөөс хайнааг хагалах нь. Зөвхөн Ерөнхий сайдын хайнааг хагалахаас гадна Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өрнөж буй үйл явдлууд, 65-ын бүлэг дунд үүсээд байгаа хуваагдлыг буцааж эв зүйд нь оруулах эсэхийг Бага хурлын 300 гаруй гишүүн нэг талд нь гаргах үүрэг ч хүлээгээд байна.
МАН-ын бага хурал бол тус намын Их хурлаас сонгогддог удирдах дээд байгууллага нь юм.
Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн шийдвэр бүр бүлэг, Бага хурал, Их хурал дээр дэмжлэг авсаар ирсэн гэдгийг сануулах нь зөв болов уу.
Фракцудын дунд Ерөнхий сайдын сунгаа явах үед УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд нь саналаа сайдын суудлаар тулах хор найруулаад амжилт олоогүй аж.
Энэ амбицад нь зарим нэг нь “салаавч” өгсөн сураг байгаа бол парламентад хэд хэдэн удаа сонгогдсон түшээд нь “Ядаж УИХ-д найман жил хууль нухаж, төсөл бичих аргад суралцчихаад сайдын суудал горилцгоо” гэх зөвлөгөөг өгчээ.
Тиймээс шинэ “цэргүүдэд” Засгийн газрын танхим хаалттай байх дүр зураг гарч буй юм.
Хэд хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Бага хурлаар хэлэлцэх асуудлыг багцлаагүй байна гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.
Бага хурал ойртох тусам эл асуудал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахтай дүйхүйц чухал асуудал болж хувирчээ.
Учир нь, Засгийн газрыг огцруулсны дараагаас хөдөө, хотгүй утас цохин хөндсөн нэг л агуулгатай асуудал нь хариуцлагын дүрмээ хэрэгжүүлж, урвагчдыг явуул гэх сануулга аж. Иймээс төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох тухай бичлэгт нэр холбогдогсдоос эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэх дуулианы эздэд хариуцлага тооцох асуудлыг Бага хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирэх сураг гарч байна.
МАН аль ч цаг үед ямар ч хүнд бэрх үед улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой гэж үзэн, дотоод зөрчлөө дарж, нэгэн цул болж, эвлэдэг байсан. Гэвч УИХ-д 65 суудалтай болсноос хойш энэхүү хатуу дэглэм алдагдаж, биесээ барьж идэхдээ тулсан тул намын дүрмээ шат, шатанд хатуу мөрдүүлдэг хуучны дэгээ мөрдөж ажиллахтай холбоотой зарим нэг зүйл заалт мөн энэ хурлаар хөндөгдөх бололтой.
Г.ДАРЬ