Дэлхийг чичрүүлсэн зэвсэг бүтээгч

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийг чичрүүлсэн зэвсэг бүтээгч

“Бидэнд үр тариа байсан ч тээрэм байгаагүй. Тиймээс гурил хийхийн тулд би онцгой нэгэн модон тээрэм бүтээсэн юм”...

Дэлхийг чичрүүлсэн зэвсэг бүтээгч

“Бидэнд үр тариа байсан ч тээрэм байгаагүй. Тиймээс гурил хийхийн тулд би онцгой нэгэн модон тээрэм бүтээсэн юм”… АК-47 автомат бууны талаар зохион бүтээгч нь өөрөө ингэж хэлсэн байдаг. Дэлхийн II дайны хувь заяаг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн, аугаа их Орос оронд ялалт далласан, эсрэгээрээ олон сая хүний аминд хүрэх зэвсэг бүтээсэн, террористуудын тэтгэх хямд, хялбар зэвсэг болсон зэргээр түүнийг сайшаан саймшрах, бас шүүмжлэн гутаах нь ч олонтаа.

Михаил Тимофеевич Калашников 2013 онд 94 насандаа өөд болсон юм. Насан эцэслэхээсээ хэдхэн сарын өмнө тэрээр насаараа сүсэглэж явсан үнэн алдартны шашны тэргүүн хамбад захидал хаягласан байв. Охин Еленадаа дуудан бичүүлж, өөрөө мутарласан захидалдаа нэрт зохион бүтээгч “оюун санааны шаналал дааж тэсвэрлэшгүй бэрх” хэмээсэн гэдэг. Мөн тэрээр өөрийнх нь бүтээсэн галт зэвсгийн байнд олон сая хүн үрэгдсэнд өөрийгөө гэм буруутайд тооцож, нүглээ намилчилсныг “Известия” сонин мэдээлж байлаа.

Гэхдээ Калашников амьдралынхаа туршид өөрийгөө гэсгээл хүртэх учиртай буруутан мэтээр сэтгэж явсан уу гэвэл бас эргэлзээтэй. “Өдөр бүр хүний амь хороодог зэвсэг бүтээснээ, бас АК-47 улс үндэстний хямралын гол зэвсэг болсныг юу гэж боддог тухай минь хүмүүс үргэлж асуудаг юм. Би тэдэнд нэг л зүйлийг хэлдэг. Би эх орноо хамгаалах л гэж автомат буу бүтээсэн. Дэлхий даяар тархаж, хяналтаас гарсан асуудалд улстөрчдийг буруутга. Би бол санаа амар унтаж амардаг” гэж Калашников хэлж байв.

Төрөлхийн шинийг сэдэгч Калашников 1947 онд АК-47-г зохион бүтээжээ. Дөнгөж есдүгээр анги төгссөн боловсролтой тосгоны залуу хорьдугаар зууны шилдэг зэвсгийг бүтээхдээ 27 настай байв.

Калашников 1919 оны арваннэгдүгээр сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд тариачны гэр бүлд мэндэлжээ. Түүнийг монгол угсааны хүн боловч албан ёсны намтарт нь Монголтой холбоотой гарал үүслийг нь оруулдаггүй гэх мэдээлэл байдаг. Гэхдээ батлагдаагүй.

Эцэг Тимофей Александрович, ээж Александра Фроловна Каверина нар 1901 онд гэрлэжээ. Тэд 19 хүүхэд төрүүлсэн боловч ердөө найм нь л нас биед хүрч, торницгоожээ. Харин Михаил 17 дахь хүүхэд нь байсан гэдэг. Арван жилийн сурагч байхын л Калашников элдэв янзын тоног төхөөрөмж оролдож суудаг, физик, геометрийн хичээлд дурладаг хүү байжээ. Сургуулиа төгсөхийн өмнөхөн 1938 онд тэрээр Улаан армид татагдав.

Танк жолоодогч болсон тэрбээр Оросын түүхэнд Аугаа эх орны дайн гэж нэрлэдэг Дэлхийн II дайны үеэр, 1941 оны намар Брянскийн тулалдаанд хүнд шархдан эмнэлэгт хүргэгджээ. Алма-Атыд эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа тэр анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Шархадсан цэргүүд зэвсгийн чанарын талаар гомдоллохыг сонсоод шинэ зүйл сэдэхээр оролдсон аж.

Эрүүл мэндийн шалтгаантай байсан зургаан сарын хугацаанд анхны загвараа бүтээжээ. Туршилтын загварыг бага багаар сайжруулсаар 1947 онд анхны АК-47 олон сумаар шүршигч автомат бууг үйлдвэрлэсэн байна. Улмаар Зөвлөлтийн армийн зэвсэглэлд АК-47-г санал болгожээ. 1948 онд залуу зохион бүтээгчийг Ижевск руу илгээж, автомат буугаа цэргийн зориулалтаар хөгжүүлж, үйлдвэрлэх үүрэг өгсөн аж. Ингээд 1949 оны эхээр өнөөгийн Калашников концерн хожим “Зууны шилдэг зэвсэг” гэгдэх болсон АК-47 автомат бууг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Тэр жилдээ Зөвлөлтийн армийн зэвсэглэлд авчээ.

Бууны албан ёсны нэр нь “Калашниковын 7.62 мм-ийн автомат, 1947 оны загвар (АК)”. Энэ бууг бас зүгээр л “Калаш” гэдэг. Хамгийн гол чанар нь энгийн бөгөөд найдвартай байдал. “Би автомат буу бүтээхдээ түрүүч байсан болохоор цэрэг хүн академи төгсдөггүйг ямагт санадаг байсан” гэж Калашников ярьсан байдаг.

Цэргийн түүхэнд том гавьяа байгуулсан гэж Калашников цэл залуудаа Сталины нэгдүгээр зэргийн шагнал, Улаан тугийн одонгоор шагнуулав. Мөнгөн шагнал нь тэр үед арван “Победа” машин авч хүрэх 150 мянган рубль байсан гэдэг.

Дэлхийн зарим орны сүлдэнд хүртэл мөнхөрсөн АК-47 өдгөө дэлхий дээр 100 сая гаруй ширхэг бий гэгддэг. Энэ үзүүлэлтээр Гиннесийн номд бичигдэж байв. Их бууны гал, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужингийн харвалтад өртсөнөөс хавьгүй олон хүн Калашниковын автомат буунд амиа алдсан ч гэдэг. Энэ бууны суманд жил бүр 250 мянган хүн үрэгддэг хүн тоо баримт ч байна.

Насан эцэслэх хүртлээ Калашников 60 гаруй жил зэвсэг үйлдвэрлэлийн салбарт ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр 150 орчим загварын бага оврын зэвсэг зохион бүтээсэн байна. Михаил Тимофеевич Калашников 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд насаараа амьдарсан Ижевск хотын эмнэлэгт ходоодны шарх өвчний улмаас амьсгал хураажээ. Зөвлөлтийн түүхэнд агуу зохион бүтээгч гэж мөнхөрсөн түүний хөшөөг Москва хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд хоёр хоногийн өмнө /2017.09.19/ залав. Долоон метр өндөр, хүрэл хөшөөг Калашников алдарт бүтээлээ гартаа барьснаар дүрсэлжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж