Х.Булгантуяа: Бонд гаргахаас өөр аргагүй

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Х.Булгантуяа: Бонд гаргахаас өөр аргагүй

Х.Булгантуяа: Бонд гаргахаас өөр аргагүй

Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Үндэсний статистикийн хорооны мэдээллээр төсвийн орлого 900 гаруй тэрбумаар давж биелсэн. Түүнийг юунд зарцуулах вэ?

-Давсан орлогын 50 хувьд нь хуримтлал үүсгээд ирэх онд төлөгдөх өр, зээлээ бууруулахад зарцуулна. Мөн тодорхой хувийг шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг санхүүжүүлнэ. Шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг сүүлийн гурав, дөрвөн жил дараалан шийдвэрлээгүйгээс хойшлуулах аргагүй болсон. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилттэй холбоотой зардлыг санхүүжүүлнэ.

Хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулснаар өндөр өртөгтэй мэс засал хийдэг болсон. Зардлыг нь улсаас даах хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгагдаж орж ирэх жишээтэй. Энэ жил орон нутагт сургууль, цэцэрлэгүүдийг дулааны шугамд холбосон. Дулааны зардлыг нь шийдвэрлэх ёстой учраас шаардлагатай санхүүжилтийг нь төсөвт тусгаж өгч байна.

-Хүүхдийн мөнгө энэ оныг дуустал олгогдох уу? 

-Эх үүсвэрийг нь 2017 оны төсвийн тодотголд суулгана. Энэ оны эцэс хүртэл олгогдоно.

-Хүүхдийн мөнгө 2018 онд үргэлжилж олгогдох боломжтой юу?

-Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан. Цаашдаа УИХ-аар төсөв хэлэлцэх үед өөрчлөгдөхгүй бол олгогдоно.

-Монгол Улс Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эхний санхүүжилт орж ирсэн. Түүнийг юунд зарцуулсан бэ? Цаашдаа хэдий хэмжээний санхүүжилт орж ирэх вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3.3 тэрбум ам.доллар төсвийн болон төслийн санхүүжилт хэлбэрээр орж ирэх ёстой. Эхний ээлжинд 138 орчим сая ам.доллар орж ирсэн. Үүний 38 орчим сая ам.доллар нь ОУВС-гаас, 100 орчим сая ам.доллар Азийн хөгжлийн банкнаас орж ирсэн. Эдгээрийг төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулсан. Дараагийн шатанд орж ирэх санхүүжилтийг батлуулахын тулд зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой, үүнд хугацаа шаарддаг. Тооцоод үзэхээр ирэх оны эхээр хоёр дахь шатны санхүүжилт орж ирэхээр байна. Тодотгож хэлэхэд эдгээр санхүүжилт нэг дор бүгдээрээ орж ирэхгүй. Жишээлбэл, ‘Жайка’-гийн 850 сая ам.доллар гурав хуваагдаж орж ирэхээр байгаа.

-Засгийн газар огцорсон учраас ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан хойшилсон. Үүнтэй холбоотойгоор хоёр дахь шатны санхүүжилт төлөвлөсөн хугацаанаасаа хойшлох эрсдэл бий болж байгаа юу?  

-Ийм эрсдэл бий. Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх эсэх дээр байр сууриа илэрхийлэх байх. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг хүнд, энэ санхүүжилт тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн чухал байгаа гэдгийг УИХ-ын гишүүд ч ойлгож байгаа.

-Шинэ он гарангуут Монгол Улс бондын 600 гаруй сая ам.долларын төлбөрийг хийх үүрэг  хүлээж байна. Эх үүсвэр бий юу. Засгийн газар огцорсноор гадаад зах зээлд гаргасан бондын хүүгийн зардал өснө гэх анхааруулгыг эдийн засагчид хэлсэн. Эрсдлийг яаж бууруулах вэ? 

-Монгол Улсын төсвийн орлого тодорхой хэмжээгээр давж байгаа ч бондын төлбөрийг хийх боломжгүй. 660 сая орчим ам долларын 500-г 2018 оны нэгдүгээр сард,  үлдсэн 160 орчим сая ам.доллар нь зургадугаар сард эргэн төлөгдөх ёстой. Хараахан бидэнд 660 орчим сая ам.долларын хуримтлал үүсээгүй учраас зайлшгүй бонд гаргах шаардлагатай болно. Шинэ Засгийн газар байгуулагдаж, улс төрийн тогтвортой байдал хангагдсанаар бонд гаргах боломж бүрдэх байх. Гэхдээ өмнөх Засгийн газрын бодлогыг хэр тууштай хэрэгжүүлэхээс шууд шалтгаална.

Ер нь бол бондын эргэн төлөгдөх хугацаа ойртох тусам энэ мөнгийг босгоход амаргүй, хүүгийн зардал өндөр байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеийн олон улсын зах зээлээс мөн их зүйл хамаарна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж