Хэвлэлт нь тасалдаад байсан жолооны үнэмлэхийг ирэх аравдугаар сараас хэвлэж эхлэх болсноо Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ. Нийт есөн компани жолооны үнэмлэхийн бэлдэц бэлтгэх ажлыг авахаар тендерийн шалгаруулалтад өрсөлджээ. Тэднээс хамгийн бага үнийг санал болгосон “Бэнкью тех” компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан сонгосон гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.Улам-Өрнөх тайлбарлалаа. Сонгон шалгаруулалтыг олон улсын болон үндэсний жолооны үнэмлэхийн бэлдэцийг хийх хоёр багц ажлыг хэчнээн төгрөгөөр хийх вэ гэдгийг нь гол үзүүлэлт болгожээ.
Тендерт өрсөлдсөн есөн компанийн зарим нь 1.7 тэрбум төгрөгийн төсөвтэй хоёр багц ажлын зөвхөн нэгийг нь буюу олон улсын жолооны хавтсыг 85.8 сая төгрөгөөр хийнэ гэжээ. Гэтэл бодит амьдрал дээр олон улсын жолооны үнэмлэхтэй болохоор хөөцөлддөг иргэд цөөхөн байдаг аж. Тиймээс үндэсний болон олон улсын жолооны үнэмлэхийн бэлдэцийг хийх хоёр багц ажлыг хамгийн доод үнэ буюу 1.359 тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэх комапанийг шалгаруулсан байна.
Бидний олж авсан мэдээллээр, компаниуд хоёр багц ажлыг гүйцэтгэхэд хамгийн дээд үнэ нь нэг тэрбум 516 сая төгрөг хүртэлх үнийг санал болгожээ. Доорх хүснэлтэд нэг болоод хоёр багц ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн санал юм. Тиймээс ‘Очирпресс’ компанийн ирүүлсэн 85.8 сая нь зөвхөн ганц багцийг гүйцэтгэх үнийн санал гэдгийг албаныхан анхаарууллаа.
Дээрх компаниудаас ажил гүйцэтгэх үнийн саналаараа шалгарсан “Бэнкью тех” компани бэлдэцийн ажлаа аравдугаар сараас хийж эхлэхээр нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан байна.
Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсч материал, бэлдэцийн тасалдал үргэлжилсэн хэвээр байна. Энэхүү доголдлыг 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авах явдал зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан хэвлүүлдэг болсонтой холбон ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдорж тайлбарлав.
Харин ЦЕГ-ыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.Улам-Өрнөх буруутгав. Тэрбээр “Олон улсын болон үндэсний жолооны үнэмлэхийн бэлдэцийг гардан хийх компанийг шалгаруулах саналаа Цагдаагийн ерөнхий газар жил бүр оройтож ирүүлдэг. УИХ тухайн оныхоо төсвийг батлангуут, жолооны үнэмлэхийн бэлдэцийг хариуцан гүйцэтгэх компани шалгаруулж өгөх саналаа ЦЕГ-аас өгч хэвших хэрэгтэй” гэв. Мөн түүний хэлснээр, 2017 онд жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажилд УИХ 1.7 тэрбум төгрөгийг баталж өгчээ. Гэвч ЦЕГ ажил гүйцэтгүүлэх захиалгаа хугацаа алдаж, гуравдугаар сард ирүүлсэн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар захиалга ирэнгүүт тендерийг нээх гэсэн боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т компаниуд тендер шалгаруулалтын үйл явцыг шалгаж өгөх хүсч, гомдол гаргасан байжээ. Тендерт өрсөлдөх зарим компанийг хязгаарласан эсэхийг шалгахаар ШӨХТГ тендер нээх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдсэн аж. Хоёр сарын дараа ШӨХТГ-ын шалгалт дуусч, тендерээ нээхийг зөвшөөрчээ. Ингээд тавдугаар сарын 3-ны өдөр олон улсын болон үндэсний жолооны үнэмлэхийг хийх ажилд нээлттэй тендер шалгаруулалтыг нээсэн байна. Тухайн тендерт “Смартсолюшн”, “Бодь электроникс”, “Туртелком”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Магнатайэрс монголиа” гэсэн таван компани оролцсон байв. Гэхдээ материалаа ирүүлсэн эдгээр компаниас аль нь ч шаардлага хангаагүй аж. Тиймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гарган тендер дахин зохион байгуулж, хамгийн бага үнийг санал болгосон компанийг шалгаруулжээ.
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд өнөөдрийн байдлаар /2017.09.21/ жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах зэргээр шинээр жолооны үнэмлэх авах 70 орчим мянган иргэдийн материал хэвлэлтэд орохоор хүлээгдэж байна. Эдгээр иргэдэд улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгожээ. Үнэмлэхээ солиулахаар өгсөн жолооч нарын хувьд хуучин шар жолооны үнэмлэхээр зорчиж байгаа юм.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ