Царцаа идсэн “тамирчин” тахиа өндөглөсөн

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Царцаа идсэн “тамирчин” тахиа өндөглөсөн

Царцаа идсэн “тамирчин” тахиа өндөглөсөн

-Манайхан эрдэмтдээ, эрдмийн бүтээлээ тоохгүй, хэрэгцээтэй зүйлд анхаарлаа хандуулахгүй байна-

“Царцаа шаргиад намар болжээ” гэж манайхан хэлэлцдэг. Царцаа ихтэй нутагт өвс ногоо эрт гандаж, бэлчээрийн ургамал хомсддогоос царцааг ад үзэх нь илүүтэй. Царцаа хэмээх хөнөөлт шавж өдөрт биеийн жингээсээ 1,5-2 дахин их хэмжээний хүнс хоол хэрэглэдэг бөгөөд малын хоргол, хомоол, гэрийн бүрээс, угаасан хувцас, ааруул, хуруудыг хүртэл идсэн тохиолдол бий гэнэ. Гэвч царцааг эдийн засаг, нийгэмд ээлтэйгээр ашиглаж бас болно гэдгийг эрдэмтэд нотолжээ. Царцааны ашиг тусыг хэрхэн хүртэх талаар ахмад эрдэмтэн Ч.Чулуунжавтай ярилцлаа. Тэрбээр Ургамал хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шавьж судлалын лабораторид зөвлөхөөр ажилладаг юм.

-Царцаа хэмээн шавьж Монгол нутагт хэдийнээс ингэж их үржих болов. Урьд нь социализмын үед царцааны хор хөнөөлийг төдийлөн хөнддөггүй байсан санагдана?

-Царцаа эрт үеэс л асуудал дагуулж ирсэн. Хувьсгалаас ч өмнө Ховд аймагт царцаанаас болж, мал тэжээлгүйдэн өлсгөлөнд орж байсан тохиолдол бий. 1958 оноос хойш царцааны хөнөөл нэмэгдэж, энэ шавьжийг хэрхэх тухайд анхаарлаа хандуулж ирсэн. Царцаа тэгш тоотой жилүүдэд олноороо гарч ирж, сондгой тоотой жилүүдэд харьцангуй бага гардаг. Энэ нь хуурайшилтын индекстэй холбоотойг тогтоосон. Би Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн нутагт тархсан дөрвөлжин далавчит царцааг нарийвчлан судалсан.

Царцаатай тэмцэх олон арга бий. Механик арга буюу түүж цуглуулж, малын тэжээл хийж болно. Царцаанд ашигтай нэгдэл, уураг их бий. 16 төрлийн амин хүчил байхын дээр царцааны биеийн бүтцийн 50 хувь нь уураг байдаг. Тиймээс ч зарим улс оронд царцааг олдошгүй тэжээл гэж үздэг. Хятад, япон, тайландчууд өлссөндөө царцаа идээгүй. Маш ховор, олддоггүй уураг царцаанд байдаг учраас хүнсэнд хэрэглэдэг юм. Манай улс 1960-аад оноос хойш царцааг устгахын тулд химийн хороор бөмбөгдөж байсан. Хортон шавьжтай тэмцэж, химийн хор цацах нь байгаль орчинд хамгийн хортой төдийгүй ашигтай шавьжийг ч хөнөөх, ургаж буй үр тариа, жимс жимсгэнэ, самар зэргийн органик байдлыг алдагдуулдаг байна. Түүгээр мал хооллоно гэхээр малын мах, сүүгээ хүнсэндээ хэрэглэдэг хүнд ч нөлөөлөхгүй гэх баталгаагүй.

Одоогийн байдлаар жилд 50-60 сая төгрөгийг царцаа устгахад зориулж байдаг. Үүнээс болоод зарим нэр төрлийн шувууд Монгол оронд нүүдэллэн ирэхээ больсон байх жишээтэй.

-Тэр нь ямар шувуу вэ. Царцааг устгахын тулд Улаанбаатараас Ховд руу тахиа аваачиж туршилт явуулсан тухайгаа сонирхуулаач?

-Тийм. Бид ‘Шувуун фабрик’-ийн 1500 тахиаг Ховд аймгийн Мөст, Цэцэг, Мөнххайрхан сумдад гурван сарын хугацаанд оторлуулж, царцаа устгах туршилт явуулсан. Энэ аргыг биологийн арга гэж нэрлэж байгаа юм. Дөрвөлжин далавчит царцаа бол нисч чаддаггүй, жижигхэн биетэй шавьж. Тиймээс бид ‘Шувуун фабрик’-ийн хоёроос дээш настай, өндөглөхөө больсон, маханд хэрэглэхээргүй тахиаг аваачиж хээрийн оторт бэлчээрлүүлсэн. Нэг тахиа өдөрт 3000-4000 царцаа идэж, царцааг эрс бууруулсан төдийгүй царцаагаар хооллосон тахианууд өндөглөж эхэлсэн. Энэ бол царцаанд их хэмжээний амин хүчил, уураг байгаагийн нотолгоо. Нөгөөтэйгүүр нэг тахиа өдөрт 250-300 гр сангас гаргаж, бэлчээрээ органик бордоогоор бордож байна гэсэн үг.

Дээр өгүүлсэн Монголд ирэхээ байсан шувуу бол ягаан тодол юм. Ягаан тодол бол полигами шувуу. Энэ шувууд тэгш тоотой жилүүдэд Өмнөд Хятад, Булангийн орнуудаас нүүдэллэн ирэх боллоо. Социализмын үед царцаа устгах хлорт нэгдлийн кисларон хэрэглэж эхлэх үеэс ягаан тодол ирэхээ больсон юм. 1960-1989 онд кислароныг царцааны эсрэг их хэмжээгээр хэрэглэж байлаа шүү дээ. Энэхүү хлорт нэгдлийг 1990 оноос хойш хэрэглэхийг хязгаарласан. 2004 оноос эхлэн ягаан тодол нүүдэллэн ирэх болоод байна. Байгаль гэдэг ийм нарийн зохилдолгоотой.

Казакстанд ягаан тодол шувууг нутагшуулж, тариалангийнхаа талбайг царцаанаас хамгаалсан хоёр эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн байдаг. Гэтэл манайхан эрдэмтдээ, эрдмийн бүтээлээ тоохгүй, хэрэгцээтэй зүйлд анхаарлаа хандуулахгүй байна шүү дээ.

-Царцааг олон талаар ашиглаж болох юм байна. Одоогоор  харшил дардаг царцааны бэлдмэлээс хэтрээгүй байгаа нь харамсалтай юм аа?

-Аливаа шавьжны гадна талын хатуу бүрхүүлд маш олон төрлийн эмийн түүхий эд байдаг. Царцааг 50 гаруй төрлийн өвчний эсрэг хэрэглэдэг. Уушгины болон амьсгалын замын өвчнүүд, яс бэртэлт, тархи цууралт, хордлого тайлах зэрэгт царцааг хэрэглэж байна. Цаашдаа цогцоор нь ашиглах ёстой юм.  Царцааг устгах гэж зарцуулж буй 50-60 сая төгрөгөө эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй юм.

Хөвсгөлийн малчид л гэхэд царцаа түүж, агийн буурцагтай хольж хатаагаад өвөл, хаврын тарчигт малдаа тэжээл болгон өгдөг юм билээ. Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал байсан Загдсүрэн гэдэг эрдэмтэн 1990-ээд оны үед Заамарт ажиллаж, царцаанаас гаргасан бэлдмэл мал ихэрлүүлдэг болохыг тогтоож байсан удаатай. Хоёрдугаарт, царцаа бол хүнсний түүхий эд. Мөн зарим төрлийн өвс ургамлын бордоо, олон төрлийн шувууны хоол тэжээл болж байдаг.

-Та бүхэн туршилтаа Ховдод явуулсан нь ямар учиртай юм бэ. Царцаа Ховдод илүү их байдаг гэсэн үг үү?

-Ховдод царцаа ихтэй. Дээр нь бэлчээр нь цөлжиж байна. Ховдын зарим нутагт малын хамар хатгах өвсгүй байх нь бий. Тиймээс ч Ховдоос төрсөн Хөдөлмөрийн баатар малчин “Манай нутгийн мал чулуугаа гурав долоож онд ордог” гэж хэлсэн байдаг. Тиймээс л хамгийн түрүүн Ховдыг зорьж, биологийн аргаар царцаа устгах туршилт явуулсан.

Ахмад эрдэмтэн ийн өгүүлж байна. Хөнөөл, хор ихтэй ч ашиг тус багагүй царцаа хэмээх шавьжийг зарим улс оронд эдийн засагтаа нэмэр тус болгож ашигладаг юм байна. Дэлхийн зах зээлд нэг килограмм царцаа 2-4 ам.доллар хvрдэг гэнэ. Тэгж үнэд хүргэхээ байг гэхэд Монголдоо хүнс тэжээл, эм бэлдмэл хийж ашигладаг болохсон. Монголын зарим эрдэмтэд тэртээ 1980-аад онд царцаа цуглуулах зориулалттай машин хүртэл бүтээж байжээ. Өдөрт нэг тонн царцаа түүх зориулалттай энэхүү төхөөрөмжийг ашиглан хөнөөлт шавьжийг ашигтай шавьж болгоход анхаарлаа хандуулбал яасан юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж