Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчидтай өнөөдөр /2017.09.20/ уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр спортын салбарын ирээдүй, төрөөс баримтлах бодлого, чиглэлийн талаар тэдэнтэй санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа хэлэв. Тэрбээр “Өсвөр үе болоод залуучуудыг Ази тив, олон улсын чанартай тэмцээнд идэвхтэй оролцуулах нь чухал. Энэ хоёр ангилал дээр оролцохгүй болохоор насанд хүрэгчдийн амжилтад нөлөөлнө. Спортын салбараас төрсөн Ерөнхийлөгчөө ашиглаж та бүхэн ашиглах хэрэгтэй. Түүнчлэн спортын холбоод Засгийн газартай хамтарч спортын бүх төрөлд үндэсний баатар төрүүлэх ёстой” гэв.
Ийнхүү үг хэлсний дараа тамирчин, дасгалжуулагчид тулгамдаж буй асуудлаа ярив. Тамирчин 300 мянган төгрөгийн цалин авдаг, дасгалжуулагч 450 мянган төгрөгийн цалингаар амьдралаа залгуулж байна. Энэ нь амьдралд хүрэлцэхгүй байгааг тэд учирласан юм. Түүнчлэн их спортынхонд хүчний дасгал хийлгэх мэргэжлийн багш байхгүй болохыг шүүмжлэв.
Өмнө нь олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчныг л шагнадаг байжээ. Харин одоо тамирчинд олгосон шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг дасгалжуулагчид олгож байгаад талархал илэрхийлж байлаа.
Ярилцлагын дараа зарим тамирчидтай товч уулзав.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Аравдугаар сарын 6-нд Узбекстаны Гранприд оролцохоор төлөвлөж байна. Түүний дараагийн тэмцээнийг багш нартайгаа ярилцаж байгаад төлөвлөнө” гэв.
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн, жүдоч Б.Мөнгөнчимэг ”Жүдочид олимпод орохын тулд олон улс, тив, дэлхийн тэмцээнээс өндөр оноо цуглуулах шаардлагатай байдаг. Миний хувьд одоогоор ямар ямар тэмцээнд оролцох нь хараахан тодорхойгүй байна. Бэлтгэл, сургуулилтаа эрчимтэй хийж байгаа” гэв.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Надад одоогоор зодог тайлна гэсэн бодол бол байхгүй. Гэхдээ миний спортын нас ахмад ангилалд орно. Тэгэхээр олимпийн тэмцээн, уралдаанд орж чадах уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Ойрд төлөвлөсөн уралдаан тэмцээн байхгүй” гэв.
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД