Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ногоон индэр дээрээс анх удаа үг хэлэв. Өөрийг нь цоо ширтэн ирийтэл суусан дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн өмнөөс нүд цавчилгүй харж байгаад Хойд Солонгосын эсрэг “эрс арга хэмжээ” авахаа хатуу мэдэгдлээ. “Пуужинт эр пуужингийн туршилтуудаараа өөрийн эх орноо эрсдэлд орууллаа” хэмээн мөнгөлөг үсээ хөвсөлзүүлэн хэлсэн түүний үг АНУ-ыг дайны хар өнгөөр будаж орхив.
Харин бусад улс үндэстнүүд энэ “уриалгыг” хэрхэн хүлээн авч буйг ажиглан хүлээх зуур манай хар шилт бүс нутгийн энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Нэгдүгээрт, тэр НҮБ-ын хуралд оролцсонгүй. Мөнгөө хэмнэх ёстой гэж үзэв. “Жэнкод яаж ийгээд мөнгө цуглуулж өгөөд хуралд оролцуулах юмсан” хэмээн жиргээчид баахан шогширч. “Бид Хойд Солонгосын талд байгаа юу” хэмээн бас нэг жиргээч түншиж.
Хоёрдугаарт, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн Солонгосын Хойгийн хурцадмал асуудлаарх байр суурь тодорхой бус байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын эхээр Владивосток хотын Русский арал дээр болсон Дорнын Эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нартай хоёр талт уулзалтууд хийсэн. Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, АНУ тус бүс нутаг руу нисэх онгоц тээвэрлэгчийн бүлэг болон шумбагч онгоц ирүүлж, хүчээ хуримтлуулсан үйл явдлууд Зүүн Өмнөд Азийн орнуудын анхаарлын төвд байгаа. Солонгосын хойгийн асуудал яриа хэлэлцээрийн нэг чухал сэдэв байсан нь ойлгомжтой. Харин Монгол Улсын төрийн тэргүүний байр суурийг хэвлэлийн мэдээ шүүгээд лав олж үзсэнгүй. БНСУ-ын Ерөнхийлөгч манай төрийн тэргүүнд “бараалхах” санаатай хүлээж ядаж буй “амьд” бичлэг л зөндөө. “Монгол ялж буй” тэр бичлэг дэлхий дахинаа мөрддөг дипломат ёсыг лав огтоос тоосонгүй.
Трамп цааш нь “Алан хядагчид, хэт үзэлтнүүд хүчирхэгжин, дэлхийн бүс нутаг бүрт тархжээ. Пуужинтын дэглэм нь террористуудыг дэмжээд зогсохгүй бусад улс үндэстнүүд хийгээд өөрийн ард түмнээ хүн төрөлхтний мэдэх хамгийн аюултай зэвсгийн заналхийлэлд өртүүллээ”. “АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар би “Нэгдүгээрт АНУ” зарчмыг баримтлах бөгөөд улс орны манлайлагч нар болох та бүхэн ч ялгаагүй, өөрийн улс орноо ямагт тэргүүнд тавьж буй, тийм ч байх учиртай. Ард иргэдийнхээ өмнө үүрэг хүлээсэн манлайлагч бүр хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлснээр үндэстэн-гүрнүүд хүн төрөлхтний нөхцөл байдлыг дээшлүүлэх хамгийн оновчтой хэлбэр хэвээр үлдэх болно” хэмээн уриалав.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьсан. Цөмийн дайны эсрэг тавьсан энэ хоригийг Хойд Солонгос үл тоомсорлож буйгаа илэрхийлэн пуужин харваж, Номхон далайд унагасан. Дэлхийн улс орнууд Хойд Солонгостой харилцах илүү иж бүрэн, өргөн хүрээний яриа хэлэлцээний замыг илэрхийлж ирсэн нь талаар боллоо. Цөмийн аюулыг бид ямар нэг ид шидээр зайлуулах аргагүй. Нэг бол эрс арга хэмжээ авах, нэг бол энэхүү хурцадмал байдал дунд ч илүү өргөн хүрээнд, цогц байдлаар яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх арга зам хайх уу?
НҮБ-ын гаргасан хоригийг Монгол Улс гишүүн орныхоо хувьд хэрхэн хүлээж авах вэ, Ерөнхийлөгч өө?
С.Энхцэцэг