Дэлхийн сая сая хөлбөмбөгийн хорхойтнууд ирэх жил ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар авах хүсэлтээ гаргах боломжтой боллоо. Тасалбар борлуулалтын эхний шат есдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд санамсаргүй түүврийн аргаар тасалбарын эзнийг тодруулах юм.
Дүрэм нь маш энгийн. FIFA.com гэсэн цахим хуудсаар нэвтэрч, албан ёсны бүртгэл үүсгээд, аравдугаар сарын 12-ны дотор тасалбар авах маягт бөглөнө. Маягтаа зөв бөглөж, бүртгэл нь баталгаажиж, тасалбар авах эрх нь үүссэн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар сонгох ажээ.
Тасалбар захиалахдаа хувийн мэдээллээ үнэн бодитоор оруулахаас гадна, цахим картаар тасалбарын үнийг төлөх боломжтой байх шаардлагатай.
Одоохондоо тэмцээнд оролцох багуудын нэр, сугалаа тодорхойгүй учир дэмждэг багаа сонгоод, хэд хэдэн сонголттой багцын тасалбар захиалж болно. Тасалбар авахыг хүсэгчид дэндүү олон, бас та сугалаагаар сонгогдож чадаагүй бол санаа зовох хэрэггүй. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэнд ирсэн нь түрүүлж авах зарчмаар онлайнаар тасалбараа сонгоод авч болох аж.
Тасалбарын хоёрдугаар шатны борлуулалт арванхоёрдугаар сарын 5-нд эхлэх бөгөөд мөн дээрхийн адил зарчмаар явагдах юм.
Эхний хоёр шатанд зарагдсан бүх тасалбарыг 2018 оны тавдугаар сард ямар нэг нэмэлт төлбөргүйгээр эзэнд нь хүргэнэ.
Тасалбарын үнийн тухайд дөрвөн шатлалтай. Нэгдүгээр ангиллын тасалбарууд хамгийн өндөр үнэтэй. Суудлаасаа хамаараад 210-1100 ам.доллар. Хоёр ба гуравдугаар ангиллын тасалбар нь 105-710 ам.доллар, харин дөрөвдүгээр ангиллын тасалбар нь хамгийн хямд. 20-120 ам.долларын үнэтэй. Гэхдээ зөвхөн Орост оршин суугаа дотоодын иргэдэд олгох ажээ.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.
С.ЦЭЛМЭГ